МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хуулийн төслүүдийг хуулийн төсөл санаачлагчид буцаах нь зүйтэй гэж үзэв
2022.10.18
Барилга, Хот байгуулалт

Хуулийн төслүүдийг хуулийн төсөл санаачлагчид буцаах нь зүйтэй гэж үзэв

Засгийн газраас Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Байнгын хороо хуулийн төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцэв. Байнгын хорооны гишүүдийн зүгээс Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “…нийслэлээс шилжин суурьших иргэн, аж ахуйн нэгжид олгох газар тухайн жилд нийт олгох газрын 20 хувиас доошгүй байхаар тусгасан байна…” гэж хуулийн төсөлд тусгах нь орон нутгийн газрын харилцаанд хүндрэл үүсгэж болзошгүйг сануулаад хуулийн төслүүдийг Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлэх болсон шалтгааныг тодруулав.

Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо хариултдаа, “Ирэх оны төсвийн тухай хуулийн төслүүд Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-той уялдаж буйгаараа онцлогтой. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, нийслэлээс орон нутагт амьдран суух зорилгоор шилжин суурьшиж буй этгээдийг дэмжиж нэг удаа газар эзэмших эрх олгох, газар олгох үйл ажиллагааг төрийн байгууллагуудаас цаг хугацаа алдалгүй богино хугацаанд олгох асуудлыг зохицуулах зорилгоор эдгээр хуулийн төслийг боловсруулж, төсвийн хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн” гэв.

Ингээд Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин “Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт хэлэлцэх шаардлагагүй. Засгийн газраас 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Газрын багц хуулийн төслийг хэлэлцэх үедээ нэгтгэн хэлэлцэх нь зүйтэй” гээд, горимын санал гаргаж, энэ саналаар санал хураалт явуулав. Уг горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 76.9 хувь нь дэмжлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах нь зүйтэй гэж үзсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

ШИНЭ МЭДЭЭ