Ирэх оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
Засгийн газраас 2022 оны есдүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Төслийн талаар Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцуулав. Тэрбээр танилцуулгынхаа эхэнд “Олон улсын байгууллагууд дэлхийн эдийн засгийн хямралт нөхцөл байдал 2024 он хүртэл үргэлжилнэ хэмээн төсөөлж байгаа энэ үед Засгийн газраас төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах, гадаад валютын нөөцийг хамгаалахад чиглэсэн мөнгөний хатуу бодлого болон төсвийн хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэхийг зорьж байна.
Иймд Засгийн газар ирэх 2023 оны төсвийн бодлогыг төрийн хэмнэлтийг хэрэгжүүлж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжих, импортын дарамтыг сааруулах, нөөцийн оновчтой хуваарилалтаар дамжуулан макро эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн дараах зорилтуудад чиглүүлж байна. Үүнд:
Нэгт, Төрийн хэмнэлтийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх;
Хоёрт, Эрүүл мэнд, боловсролын салбарт эхлүүлсэн төрийн үйлчилгээний чанар, гүйцэтгэл, хүрэх үр дүнд чиглэсэн төсвийн санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлж, уг шинэчлэлийг бусад салбарт нэвтрүүлэх. Төрийн албаны цалин хөлсний тогтолцоог бүтээмжтэй нь уялдуулж шинэчлэх;
Гуравт, Өрийн удирдлагын стратегийг оновчтой хэрэгжүүлэх;
Дөрөвт, Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогын хүрээнд нийгмийн хамгааллыг зорилтот бүлгүүдэд чиглүүлэх;
Тавд, Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангаж төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах, орон нутагт хөрөнгө оруулалт, ажлын байр, бизнес эрхлэлтийн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн татварын бодлого хэрэгжүүлэх зэрэг болно.” хэмээв.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжих төсвийн бодлого хэрэгжсэний үр дүнд эдийн засгийн өсөлт 5 хувьд хүрч, инфляцыг жилийн эцэс гэхэд 10 хувиас ихгүй түвшинд барьж, Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн нийт орлого 19.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 20.5 их наяд төгрөг, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 1.6 их наяд төгрөг буюу ДНБ-ий -2.8 хувьд хүрэхээр төсөөлж байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцуулгадаа дурдав.
Үргэлжлүүлэн Монгол Улсын 2023 оны төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийн талаар Монгол Улсын ерөнхий аудиторын орлогч Я.Сарансүх танилцуулахдаа тус Байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын 2023 оны төсвийн төсөл дараах байдалтай байгааг танилцуулав.
Улс орны гадаад, дотоод нөхцөл байдал хүндрэлтэй байгаа энэ цаг үед төсвийн болон мөнгөний бодлого, төсвийн зарлага тэлэх халамжийн бодлогын орон зайн зохистой харьцааг баримтлах оновчтой бодлого хэрэгжүүлэх замаар төсөв, санхүүгийн хямралт үеийг тогтворжуулах, даван туулах шаардлага тулгарч байна. Төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлт гаргахдаа төрийн аудитын стандартыг баримталж, төсвийн төсөл нь Монгол Улсын хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцсэн эсэх, төсвийн орлого нэмэгдүүлэх, төсвийн зарлагыг бууруулах, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэхэд анхаарч УИХ-д гурван асуудлыг толилуулж, Засгийн газарт 6 зөвлөмж өгчээ.
Монгол Улсын 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөлөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 18,921.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 34.7 хувь, нийт зарлага 20,475.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37.6 хувь, тэнцвэржүүлсэн тэнцэл 1,553.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -2.8 хувьтай тэнцэж байгаа нь төсвийн тусгай шаардлагыг хангаж байна гэж аудитын байгууллага дүгнэжээ.
Монгол Улсын 2022 оны төсвийн төсөл болон, түүнд хийсэн аудитын дүгнэлт, танилцуулгатай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Н.Наранбаатар, Ц.Идэрбат, Ц.Туваан, Н.Ганибал, Г.Ганболд, Б.Саранчимэг нар хууль санаачлагчаас болон Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсвийн ерөнхийлөн захирагчдаас асуулт асууж, хариулт авав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргалын тодруулсан хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зарцуулах төсвийн талаарх асуултад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор нийт 228.2 тэрбум төгрөгийг ирэх оны төсвийн төсөлд тусгасан. Үүнээс хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд 175 сая төгрөг, мал аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд 4 тэрбум төгрөг, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 41.7 тэрбум төгрөг, газар тариалангийн салбарт 39.9 тэрбум төгрөг, жижиг дунд үйлдвэрлэл, хоршооллыг хөгжүүлэхэд 2 тэрбум төгрөгийг тус тус зарцуулахаар төсөвлөсөн. Мөн хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд 67.1 тэрбум төгрөг, мал аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд 17.5 тэрбум төгрөг, газар тариалангийн салбарыг хөгжүүлэхэд 53.4 тэрбум төгрөг, хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд 110 сая төгрөг зэргээр хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийн хүүгийн хөнгөлөлтөд нийт 138.2 тэрбум төгрөг зарцуулахаар төсвийн төсөлд туссан” хэмээн хариулав.
Гишүүд асуулт асууж, хариулт авснаар хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор Төсвийн байнгын хороонд танилцуулна