МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

5000 хүүхдэд экологийн болон хүрээлэн буй орчны эрх зүйн боловсрол олгожээ
2022.10.21
Байгаль Орчин, Аялал жуулчлал

5000 хүүхдэд экологийн болон хүрээлэн буй орчны эрх зүйн боловсрол олгожээ

МУИС-ийн Экологийн боловсролын төвөөс ХБНГУ-ын Ханнс Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар, УИХ-ын гишүүн, Монгол улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын Авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар болон УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нартай хамтран МУИС байгуулагдсаны 80 жилийн хүрээнд “Өсвөр үеийнхэн: Байгаль орчин ба хууль” төслийг энэ оны 4-р сараас хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Энэ 7 хоногт намрын ээлжийн хүүхдүүдээ хүлээн авснаар нийт 5000 өсвөр наснынхныг сургалт-аялалд хамруулснаар уг төсөл хэрэгжиж дууслаа.Төслийн хүрээнд хүүхдүүдийн сургалтын төлбөрийг Ханнс-Зайделийн сан 100% ивээн тэтгэж ийнхүү 5000 өсвөр насны сурагч манай сургалт-аялалд үнэ төлбөргүй хамрагдаж экологийн болон хүрээлэн буй орчны эрх зүйн анхан шатны боловсролтой боллоо.

Төслийн үйл ажиллагааг Чингэлтэй дүүргээс УИХ-д сонгогдсон, Монгол улсын сайд Ж.Сүхбаатар дэмжин ажиллаж дүүргийнхээ 8-р ангийн 4500 хүүхдийг сургалт-аялалд хамруулан, автобус унааны зардал болон ерөнхий зохион байгуулалтын асуудлыг хариуцан ивээн тэтгэж ажиллав. Мөн УИХ-ын гишүүн Х.Булгантуяа төслийг дэмжин хамтран ажиллаж Баянзүрх дүүргийн 500 хүүхдэд энэхүү боломжийг олгож сургалт-аялалд хамруулсан байна. 

Төсөлд хамрагдсан хүүхдүүд “Үрийн аялал”, “Манай музейн амьтад”, “Танин мэдэхүйн хүлэмж”, “Үл үзэгдэгчдийн мөрөөр” зэрэг сонирхолтой өртөөгөөр аялж байгалийг бодит орчинд нь бүх мэдрэхүйгээр мэдэрч танилцсанаас гадна байгаль орчны хууль, эрх зүйн “Амьд үлдээгээч!” өртөөгөөр аялж хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн хор хохирол, торгууль шийтгэл, түүнээс сэргийлэх аргатай танилцан анхан шатны мэдлэг, мэдээлэлтэй болсон юм. 

Уг төсөлд хамрагдсан өсвөр үеийнхэн энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж, ийм гоё газартай танилцан аялах нөхцөлөөр хангаж өгсөн, нэгэн өдрийг баяр хөөр дүүрэн, байгалийг бүх мэдрэхүйгээр ойроос мэдэрч өнгөрөөн, богино хугацаанд, сонирхолтой аргаар, хөгжилтэй, сайн багш нараар хичээл заалган их мэдлэг олж авч, таньж мэдэж суралцах боломж олгосон бүх хүмүүс, албан байгууллагад баярласан талархсанаа олон мянган захидал, сэтгэгдлээр болон биечлэн илэрхийлжээ. 

ШИНЭ МЭДЭЭ