МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
2022.11.03
Эдийн засаг, Худалдаа

Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Засгийн газраас 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат болон холбогдох албан тушаалтнууд оролцсон.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн бөгөөд гишүүдийн зүгээс төслийн талаар асуулт асууж, зарчмын зөрүүтэй санал гаргасангүй.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Хуралдаан Засгийн газраас 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хороодын санал, дүгнэлтүүдтэй танилцсаны дараа Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн нийт 101 хуулийн төсөл, УИХ-ын тогтоолын зургаан төслийг зүйл бүрээр нь хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа хууль, тогтоолын төслүүдийн талаарх Улсын Их Хурлын гишүүд, Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол нэг бүрээр санал хураалаа. Тухайлбал, Ирээдүй өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан “Ирээдүйн өв санд хуваарилах хувь 2023 онд 0, 2024 онд 25, 2025 онд 45, 2026 оноос 65 байна” гэснийг “Ирээдүйн өв санд хуваарилах хувь 2023 онд 0, 2024 оноос 65 байна” гэж өөрчлөх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 73.3 хувь нь дэмжив.

Мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт болон ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаанд тавих улсын хяналтыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага гүйцэтгэнэ.”, мөн “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын ажлын явцад туршилтын журмаар олборлосон ашигт малтмалын төрөл, тоо, хэмжээг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлж зөвшөөрөл авсны үндсэн дээр худалдан борлуулж болох бөгөөд бүртгүүлсэн мэдээллийг татварын байгууллагад тухай бүр хүргүүлнэ. Энэ тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй нэгэн адил төлж, тайлагнана.” гэсэн агуулгатай заалт, хэсэг нэмэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн.

Түүнчлэн Ажлын хэсгээс “Гүйцэтгэх засаглал дахь хяналтын тухай” гэсэн хуулийн төслийн нэрийг, “Засгийн газар дахь хяналтын тухай” гэж өөрчлөх, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгээс “Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1,2 дугаар зүйлийг хасаж, 3,4 дүгээр зүйлийг хэвээр үлдээж, дугаарлалтыг өөрчлөх” санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Мөн “Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөлд “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн бараа, ажил, үйлчилгээний худалдан авалт, хөрөнгө оруулалт, татвар төлөлт, өр төлбөр, хүний нөөцийн мэдээллийг тухайн хуулийн этгээдийн цахим хуудаст ил тод, нээлттэй байршуулах”, мөн “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн борлуулалт, экспортын гэрээг татварын нэгдсэн системд бүртгүүлэх, бүртгүүлээгүй тохиолдолд бүтээгдэхүүнийг экспортод гаргахгүй байх, борлуулалт болон худалдан авах нууц гэрээг Улсын Их Хуралд танилцуулах”, “Эрүүл мэндийн даатгалын санд үүссэн өр төлбөрийг 2023 оны төсвийн жилд өр төлбөр үүсгэхгүйгээр барагдуулах арга хэмжээ авах.” гэсэн 8,9,10 дахь дэд заалт нэмэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжив.

Ингээд хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

ШИНЭ МЭДЭЭ