Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж эхэллээ
Засгийн газраас 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав.
Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан.
Тэрбээр, олон улсын байгууллагууд дэлхийн эдийн засгийн хүнд сорилт, нөхцөл байдал 2024 он хүртэл үргэлжилнэ хэмээн төсөөлж байгаа энэ цаг үед Монгол Улсын Засгийн газраас төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах, гадаад валютын нөөцийг хамгаалахад чиглэсэн мөнгөний хатуу бодлого болон төсвийн хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэхийг зорьж байгаагаа дурдсан.
Мөн “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжих төсвийн бодлого, арга хэмжээний үр дүнд эдийн засгийн өсөлт таван хувьд хүрч, инфляцыг жилийн эцэс гэхэд 10 хувиас ихгүй түвшинд хүргэх боломж бүрдэнэ. Коронавируст халдвар “КОВИД-19”-ийн хүндрэл эхэлснээс хойш 2020, 2021 онуудад бид үе шаттайгаар буурах байсан төсвийн алдагдлын тусгай шаардлагыг нэг удаа түдгэлзүүлж, хэрэгжих хугацааг ахин нэг жилээр хойшлуулсан. Үүний улмаас ирэх жилийн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний -3.6 хувь буюу 1.9 их наяд төгрөг байхаар байна. Харин Монгол Улсын Засгийн газрын 2023 оны төсвийн тохиргоо хийснээр төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -1.5 их наяд төгрөг буюу тусгай шаардлагын 2024 онд хүрэх байсан түвшин болох 2.8 хувийг нэг жилээр наашлуулан төсвийн төслийг боловсруулсан гэдгийг онцлов.
Дараа нь Монгол Улсын 2023 оны төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, Үндэсний аудитын газар нь аудитын явцад цуглуулсан нотлох зүйлс, аудитын дүнд үндэслэн гаргасан дүгнэлтээс тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хэсгийг онцолсон.
Аудитын дүгнэлтэд Монгол Улсын 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөлөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 18,921.9 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 34.7 хувь, нийт зарлага 20,475.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37.6 хувь, тэнцвэржүүлсэн тэнцэл 1,553.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -2.8 хувьтай тэнцэж байгаа нь төсвийн тусгай шаардлагыг хангаж байна. Төсвийн төсөлд “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан тодорхой зорилт, үйл ажиллагаанд санхүүжилт тусгасан хэдий ч төсвийн ерөнхийлөн захирагч нарын хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн үзүүлэлтийг хөгжлийн бодлогын баримт бичигт нийцүүлээгүй, үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцсэн эсэхийг үнэлэх боломж хязгаарлагдмал байгааг дурдсан байлаа.
Мөн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаагүй, судалгаа, туршилт тохируулга хийгээгүй, цахилгаан автобусны хэрэглээ, цэнэглэлт, цэнэглэх цэгүүдийн байршлыг оновчтой тодорхойлох, газар чөлөөлөх зэрэг нь тодорхойгүй байгаагаас хэрэгжилтэд эрсдэл үүсэхээр байна. Улсын төсвийн санхүүжилтээр бэлтгэсэн зураг, төсөл, техник, эдийн засгийн үндэслэлийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлээгүйгээс хөрөнгийн зарцуулалт, үр дүнд хяналт хэрэгжүүлэх боломжгүй байгаа тул нэгдсэн хяналтыг бий болгох шаардлагатай байна хэмээн дүгнэлтэд дурдсаныг Монгол Улсын Ерөнхий аудитор танилцуулгадаа онцлов.
Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хороодоос ирүүлсэн санал, дүгнэлттэй танилцав.
Үргэлжлүүлэн Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нар тус тус танилцуулсан.
Улсын Их Хурлын даргын 151 дүгээр захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг 32 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж, өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр нийтдээ дөрвөн удаа хуралдсаныг Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа онцлов.
Мөн Байнгын хороо, Ажлын хэсэгт албан бичгээр ирүүлсэн нийт саналуудаас төсөвт зохицуулалт хийх төсөл, арга хэмжээний нэр өөрчлөх, мөн төсвийн ерөнхийлөн захирагчтай зөвшилцөн салбарт зохицуулалт хийх саналууд болон зураг төсвийн магадлал хийгдсэн, ирэх жилүүдийн улсын төсөвт бага ачаалал үзүүлэх, төсөвт өртөг нэмэгдүүлэх саналуудыг Ажлын хэсгийн санал болгон дэмжсэн гэж байлаа.
Тэрбээр, Байнгын хороонд болон Ажлын хэсэгт албан бичгээр ирүүлсэн нийт саналуудаас төсөв нэмэгдүүлэх магадлал хийгдээгүй, төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал өөрчлөх болон бусад гишүүдийн тойрог, салбарын төсвөөс зохицуулалт хийж, хөрөнгө оруулалтын өөрчлөлт хийх саналуудыг Ажлын хэсгээс дэмжих шаардлагагүй гэж үзсэнийг тодотгосон.
Харин Байнгын хороо, Ажлын хэсэгт Улсын Их Хурлын зарим гишүүд, төрийн байгууллагуудаас албан бичгээр ирүүлсэн санал нэг бүрийг судалж үзээд, эдийн засаг, нийгмийн үр ашгийг харгалзан салбарын бодлоготой нь уялдуулан зайлшгүй тусгах шаардлагатай төсөл, арга хэмжээг төсвийн төсөлд эх үүсвэр олж тусгахаар санал бэлтгэсэн гэдгийг дурдсан.
Үүгээр Байнгын хорооны хуралдаан өндөрлөж, Монгол Улсын 2023 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг маргааш үргэлжлүүлэхээр боллоо