МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.11.03
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: Төсвийн орлогоо нэмэгдүүлж, алдагдалгүй батлах боломж бүрэн байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.11.03\ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

2023 онд Эдийн засгийн өсөлт таван хувь, төсвийн орлого 18.9 их наяд гэж байгаа. Зарим хүмүүс төсөв тэлчлээ хэмээн гаслаад байгаа. Тэлсэн юм огт байхгүй шүү дээ. Эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг америк доллароор хэмждэг.

“Гутранги хүмүүсээр тоо бүү бодуул” гэсэн үг байдаг. Гаднынхан биднийг дэндүү гутранги юм гэж шоолж байна. Менделевийн үелэх системийн 106 элементийн, 80 нь монголын хөрсөнд байдаг. Бид баялгийн хэмжээгээр дэлхийд түүчээлдэг. 30 жилийн хугацаанд 33.3 их наяд тэрбум долларын өртэй болчихсон.

Ажлын хэсэгт хэд хэдэн санал бичиж өгсөн. Монгол Улсын 2023 оны төсөвт, за зардлыг хасах аа больё. Орлогоо нэмээд адалгүй баталчих боломж байна. Алдагдалгүй баталбал валютын ханш тогтворжино, инфляц буурах гээд олон асуудлууд байна.

200 тэрбум төгрөгийг далд эдийн засгаас олно гэв. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 0.37 хувьтай тэнцэж байна.  Нэг хувийг ил болго гэж үзвэл, 345 тэрбум төгрөг олох боломж байна.

Үл хөдлөх хөрөнгийн татвар, газрын төлбөрийг 2022 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээс бууруулаад тооцчихсон. Үүн дээр 134 тэрбум төгрөг нэмээд олчих боломжтой. Нүүрсний зах зээлд их хэмжээний хулгай байгаа. Сүүлийн үед болж байгаа үйл явдлыг та бүхэн сайн мэдэж байгаа. Дэлхийн зах зээлийнх нь үнэд хүргэн худалдъя гээд үзэхээр 700 орчим тэрбум төгрөг нэмээд олчих боломж байгаа.

Монгол банкныхан 24тонн алт авна гээд байгаа. Гэтэл 17 тонн алт авна гээд ороод ирсэн байх юм.

Төрийн өмчит ААН-ээс 568 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлнэ гэж байна. Асар хэмжээний үргүй зардал гаргаж байна. Зарим улсууд том жийп машиныг хэд хэдээр нь уначихсан, асар өндөр цалинтайн дээр их тансаг байх юм. Энэ бүрийг хянан, засаж чадвал төрийн өмчүүдээс дахин 100 тэрбум төгрөг олох боломж байгаа.

Түүнчлэн Оюу-толгойтой холбоотой асуудал. 1.9 тэрбумын зэсийн баяжмал гаргаад, Монголд орж ирж байгаа нь 680 сая доллар. Нэг ёсондоо 3 доллар тутмын нэг нь орж ирж байна гэсэн үг. Эдгээр асуудалтайгаа сайтар ажиллах хэрэгтэй байна.

түүнчлэн Эрдэнэтийн овоолго байна. Үүнийг худалдах хэрэгтэй, үнэгүй юм гэж хаана ч байхгүй шүү дээ.  

Түүний асуултад, Сангийн сайд Б.Жавхлан хариулт өглөө

ШИНЭ МЭДЭЭ