2022.11.03
Эдийн засаг, Худалдаа
Д.Өнөрболор: Хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн тодорхой шийдвэр гаргах ёстой
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.11.03\ нэгдсэн хуралдаанаар 2023 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:
ОУВС-аас ирэх 2023 оныг нөхцөл байдал эрс дордож болзошгүй хэмээн анхааруулж байгаа. Цаашид Засгийн газрын хувьд бодлогын тэргүүлэх чиглэл нь инфляцыг онилж байгаа болон нөлөөлж байгаа хүчин зүйл болох эрчим хүч, хүнсний аюулгүй байдлыг хангах нь тэргүүний асуудал болоод байгаа.
Дэлхий дээр "бүхнийг фронтод" гэдэг шиг, 190 гаруй сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж байгаа энэ цаг дор “бүхнийг хүнсэнд” уриа дор Засгийн газрууд шийдлүүдийг эрэлхийлж ажиллаж байна.
Манай Улсын хувьд нэг тэрбум ам.доллароор импортоор хүнсний бүтээгдэхүүнийг татдаг. Импортын хамаарал бүхий, хүнсний хангамж өндөр эрсдэлтэй орон. Тэгэхээр энэ агуулгаараа ч гэсэн ХАА-н салбарын үйлдвэрлэлийг нэг шат ахиулах, валютын урсгалыг нэмэгдүүлэх бодлогыг ЗГ мөн МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилга дор Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаарх санаачилгыг гаргасан.
Гэтэл өнөөдөр хэлэлцэж байгаа асуудал төсөв дээр тухайлсан энэ асуудлаар баримталсан зарчим нь хоорондоо туйлын зөрүүтэй байна. Энэ ямар учиртай юм бэ?
Дөрөвхөн сарын өмнө баталсан Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх УИХ-ын шийдвэрээр 2023 онд 521 тэрбум төгрөг шаардлагатай. Үүнээсээ гадаад зээлийн эх үүсвэрээр 190 тэрбум, хувийн хэвшилд зээлийн батлан даалт гаргахаар 55 тэрбум, үлдсэн нь 300 орчим тэрбум төгрөгийг улсын төсвөөр хэрэгжүүлнэ хэмээх төлөвлөлт хийсэн байна.
Үндсэндээ энд төсвийн хөрөнгө оруулалт байхгүй гэж ойлгогдож байна. Төлөвлөлтөөр улсын төсвийн хөрөнгөөр ирэх онд 12 тэрбумын өртөг бүхий хүлэмж, 19.2 тэрбум төгрөгийн зоорьтой болох ёстой байгаа. Гэтэл энэ төсөв дээр алга байна, Сангийн сайд аа!
Энэ хэрэгжүүлэх түвшинд 4 сарын ой санамжтайгаар явбал, дунд хугацааны зорилтыг бодох ч хэрэггүй. Монгол Улсын гурван сая иргэдийн хүнсний хэрэгцээг хангах, үндэсний аюулгүй байдлын асуудал шүү дээ. Яагаад асуудлыг хэрэгжүүлэх тал дээр хооронд нь холбож болохгүй байгаа юм бэ?
Хүнсний хэрэгцээг хангаж байгаа, гол стратегийн бүс нутгийн гишүүний хувиас маш ихээр санаа зовж байна. УИХ-ын гишүүдийг анхаарал хандуулаасай гэж хүсэж байна. Үүн дээр Сангийн яам болон сайд нь тодорхой шийдэл гаргаж, эргэж харах нь зүйтэй.