2022.11.09
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Тэтгэврийг таван жилээр тооцох хуулийн төслийг хэлэлцэхийг шаардаж жагслаа

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхгүй байгааг эсэргүүцэж өнөөдөр Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгууллаа.


УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж энэ үеэр хэлэхдээ “Тэтгэврийг долоо биш таван жилээр тооцон тогтоох тухай хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд өргөн барьж, УИХ-аар хэлэлцэх эсэхийг нь шийдсэн боловч өнөөдрийг хүртэл цааш үргэлжлүүлэн хэлэлцэхгүй хойшлуулсаар байна. УИХ-аас хэлэлцэх эсэхийг дэмжихдээ Засгийн газраас оруулж ирсэн Нийгмийн даатгалийн багц хуультай хамтатган хэлэлцүүлэх чиглэлийг өгсөн. Гэтэл Засгийн газрын өргөн барьсан Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд тэтгэврийг долоо биш 10 жилээр тооцон тогтоодог болгохоор тусгасан нь бидний өргөн барьсан хуулийн үзэл санаатай нийцэхгүй байна.

Тэтгэврийн шимтгэл бол та бидний ирээдүйдээ оруулж байгаа хадгаламж. МАН-ын гишүүд энэхүү хуулийг баталвал Нийгмийн даатгалын сан хоосорно гэж ярьдаг. Өнгөрсөн хавар энэ хуулийг хэлэлцэж байх явцад ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга “Өнгөрсөн жил тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг долоо биш 5 жилээр тооцвол нийгмийн даатгалын сангаас 5.6 тэрбум төгрөг нэмж гарах ёстой байсан хэмээсэн. Энэ бол бага мөнгө.

Өнөөдрийн жагсаалын зорилго нь төр засаг руугаа дайрах гэсэн хэрэг биш. Гол нь хуулиа батлуулж авахад чиглэгдэж буй. УИХ-аас өнгөрөгч хоёрдугаар сард ээлжит бус чуулганыг хуралдуулж, тэтгэврийг нэмсэн боловч өнөөдөр инфляцид идэгдээд өмнө авч байсан 350 мянган төгрөгтэй тэнцүү болчихлоо. Тиймээс цаашид ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэх тал дээр УИХ, Засгийн газар тодорхой шийдвэр гаргах ёстой.

Энэхүү хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхгүй байгаа тул өнөөдрийн жагсаалыг ийнхүү зохион байгуулж байна” гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ