МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.11.17

Э.Батшугар: Энэ хуулиар жижиг, дунд аж ахуйн нэгжүүдээ хэрхэн дэмжих вэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.11.7\ нэгдсэн хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Э.Батшугар:

Энэ хуулийг дэмжиж байна. Өнөөдөр Монгол улсын засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 19.6 их наяд төгрөгний хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлнэ. Тухайлбал боомтын сэргэлт, эрчим хүчний сэргэлт, хот хөдөөгийн сэргэлт гэх мэтчилэн. Энэ ажлууд хурдан хэрэгжснээр Монгол улсад валютын урсгал нэмэгдэнэ, төгрөгний ханш чангарна, үнийн өсөлт буурна, аж ахуй нэгж ард иргэдийн орлого, тэтгэвэр цалин нэмэгдэх боломжууд бий болох юм.

Гэхдээ бусад улс орнуудыг харахад хөгжсөн хөгжөөгүйгээсээ үл хамаарч хөгжлийн төслүүдээ улсын төсвөөрөө санхүүжих чадваргүй байдаг судалгаа гарсан. Том хотуудын 16% нь өөрийнхөө төсвөөрөө том хөгжлийн дэд бүтцийн төслүүдээ санхүүжүүлдэг гэсэн. Тэгэхээр баян ядуу, хөгжсөн хөгжөөгүй гэхгүйгээр үл хамаарч түншлэлийн замаар томоохон төслүүд хэрэгждэг.

Жишээлбэл Норвеги улсын Сотра хурдны замыг 2 групп төр хувийн хэвшлэлээр хамтран барьж байна. Канад улсын Онтариа хотын хурдны зам мөн энэ зарчмаар явж байна. Хөгжиж байгаа улс орнуудыг дурдвал Сенегал улсын боомт мөн төр хувийн хэвшлэлийн түншлэлээр хэрэгжиж байгаа юм.

Тиймээс энэ хууль батлагдснаар санхүүгийн эх үүсвэр нээгдэнэ. 2021 онд нийт хөгжиж байгаа улс орнуудын 76 тэрбум төгрөгийн санхүүжилт дэд бүтэц рүү нь орсон. Цар тахлаас үл хамаараад 2019 онд бараг 100 тэрбум долларын дэд бүтцийн санхүүжилт хөгжиж буй улс орнууд руу орсон.

Шинэ сэргэлтийн бодлогын эрчим хүч, боомтын сэргэлтийн санхүүжилтийг дээрх зарчмаас бүрэн авах боломжтой. Гэхдээ анхаарах хэдэн зүйл бий. Төсвийн алдагдалтай санхүүжилтийн хэрэгсэл байж болохгүй. Энэ нь олон улсын жишээгээр харагдсан. Хоёрдугаарт нь заавал том компаниудыг оруулах нь зүйтэй биш. Жижиг дунд аж ахуйн нэгжүүдээ оруулах нь зөв гэсэн дүгнэлт гарсан.

Энэ хуулиар жижиг дунд аж ахуйн нэгжүүдээ яаж дэмжих вэ? Оролцоог нь хангаж өгөх заалт байна уу? Хуулийн 26.3-т хамгийн сайн харилцан тохиролцсон нэг оролцогчтой түншлэлийн гэрээ байгуулна гэж заажээ. Хамгийн сайн гэдгийг ямар параметрээр зааж байгаа вэ?

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ