МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад BRT төслийг нэвтрүүлэх нь чухал гэж үзэж байна
2022.11.21
Гадаад харилцаа

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад BRT төслийг нэвтрүүлэх нь чухал гэж үзэж байна

УИХ-ын гишүүн, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар олон улсын нэр хүнд бүхий мэргэжлийн зөвлөх компани “PwC” (“Pricewaterhouse Coopers”) компанийн Евроазийн бүс нутгийн зөвлөх үйлчилгээ хариуцсан төлөөлөгч  Наталъя Лим болон бусад албаны хүмүүсийг  хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар түгжрэл бууруулах чиглэлээр амжилттай ажилласан төсөл хөтөлбөрүүдийн тухай мэдээлэл сонсож, санал солилцсон юм.

Тэрээр нэн тэргүүнд хийх ажил нь нийтийн тээврийн парк шинэчлэл, салбарын үйлчилгээ, зохион байгуулалтыг сайжруулах. Нийтийн тээврийн салбарт бодлогын шинэчлэл хийснээр түгжрэлийг бууруулах сонголттой тээврийн боломж нөхцөл бүрдэнэ гэж бид тооцоолж байгаа. Мөн замын хөдөлгөөний зохицуулалт, хяналтыг сайжруулахад анхааран ажиллаж байгаагаас гадна түгжрэлийн эсрэг багц хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөн боловсруулж байгаа юм. Олон нийтийн, тэр дундаа жолооч нарын хандлагыг өөрчлөхөд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа хэмээв.

Авто замын түгжрэлийг бууруулах туршлага, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, замын хөдөлгөөний нэгдсэн мэдээллийн системийг чанаржуулах талаар бусад улс оронд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн тухай энэ үеэр мэдээлэл сонслоо.

Казакстан улсын Алматы хот нь авто замын түгжрэлээ хэрхэн бууруулж чадсан туршлагыг хатагтай Наталъя Лим  хуваалцсан байна.

2.5 сая хүн амтай Алматы хот авто замын түгжрэлийг бууруулахад нэн тэргүүнд “BRT”, “LRT” төслийг хэрэгжүүлж мөн метрог эртнээс төлөвлөж шийдэхийн сацуу явган хүний болон унадаг дугуйн замыг бүрэн шийдсэнээр тус хот авто замын түгжрэлээ бууруулж чаджээ.

Цаашид Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулахад бусад улс оронд амжилттай хэрэгжүүлсэн туршлага дээрээ үндэслэн хамтран ажиллахад бэлэн гэдгээ Наталъя Лим илэрхийлэв.

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад онцгой үр дүнд хүрэх  нэгэн чухал төсөл нь BRT -г нэвтрүүлэх ажил хэмээн төлөвлөж байна.

ШИНЭ МЭДЭЭ