МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Жолоочийн даатгалын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш нийт 230.5 тэрбум төгрөгийн даатгалын хураамж төвлөрүүлжээ
2022.11.30
Эдийн засаг, Худалдаа

Жолоочийн даатгалын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш нийт 230.5 тэрбум төгрөгийн даатгалын хураамж төвлөрүүлжээ

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын хамтаар Албан журмын даатгагчдын холбооны үйл ажиллагаатай танилцаж, тулгамдсан асуудлуудын шийдлийн талаар ярилцлаа.

Өнөөдрийн байдлаар Монгол улсад жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагдвал зохих авто тээврийн хэрэгслийн тоо өнгөрсөн 2021 оны байдлаар 900.000 гаруй байгаагаас 690.000 тээврийн хэрэгсэл даатгалд хамрагджээ. Энэ нь даатгалд хамрагдах ёстой тээврийн хэрэгслийн ердөө 65 хувь нь юм.

Гэтэл зам тээврийн осол гаргасан жолоочийн тоо 2020 оны байдлаар 28.000-д хүрсэн бол ослын үзүүлэлт нь сүүлийн 9 жилийн хугацаанд энэ түвшинд байсаар байна. 

Жолоочийн даатгалын тухай хууль хэрэгжиж хохирогчдод нөхөн төлбөр олгож эхэлсэн 2012-2020 онд нийт 230.5 тэр бум төгрөгийн даатгалын хураамж төвлөрүүлснээс 231.200 хүнд 121 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг олгожээ.

Энэ дүнгээс харахад даатгалын компаниуд төвлөрүүлсэн орлогынхоо тал хувийг нь л төлбөрт зориулсан байх юм. Нэг үгээр хэлбэл хариуцлагын даатгалд хамрагдсан жолооч нарын 52 хувьд нь зарцуулагдаад,  үлдсэн нь даатгалын компаниудад очиж байна. Энэ байдал нь даатгалаа төлсөн жолооч нарт болон нийтийн эрх ашгийг хамгаалахад, замын хөдөлгөөний соёлыг нэвтрүүлэхэд, авто замын түгжрэлийг бууруулахад ахиц гарахгүй байгаа томоохон шалтгаан гэж Албан журмын даатгагчдын холбооны захирал Д.Цэвээнжав гуай учирлаж байна. 

Хэдийгээр “Жолоочийн даатгалын тухай хууль” хэрэгжиж  байгаа ч өнөөдрийн байдлаар:

  • Зам тээврийн осол, зөрчлийн тоо буурахгүй,
  • Ашгийн төлөөх даатгалын компаниудад зөвшөөрөл өгч ажиллуулсан нь нийтийн эрх ашгийг хамгаалах арга хэмжээг зохион байгуулах боломжгүй болгосон ,
  • Жолооч нар хохирлоо бүрэн гүйцэд үнэлүүлж чаддаггүй, нөхөн төлбөр олгох ажил удааширдаг, нөхөн төлбөр олгохоос зарим даатгалын компаниуд үндэслэлгүйгээр татгалздаг гэх мэт  гомдол жолооч нараас ирэх болсон,
  • Осол болсон газар очиж, дүгнэлт үйлдэх, хохирол барагдуулах ажиллагаа нь олон шат дамжлагатай байгаагаас замын зохиомол түгжрэл үүсэхэд хамгийн их нөлөөлдөг,
  • Хуульд хохирлын үнэлгээг даатгалын байгууллага өөрөө томилохоор заасан нь үнэлгээнд гаднын нөлөөлөл орох боломжийг бүрдүүлсэн зэрэг бэрхшээлтэй асуудал хуримтлагдсан гэдгээ хэллээ.

Иймд өнөөдөр үүсээд байгаа энэ байдлыг цаг алдалгүй өөрчлөх үүднээс Засгийн газрын хуралдаанд танилцуулах гэж буй “Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг  бууруулах тухай” багц хуулийн төсөлд нэмэлт заалтаар оруулахаар болов.

Ингэснээр:

  1. Хохирлыг үнэн зөв үнэлж, түргэн шуурхай, чирэгдэлгүйгээр шийдвэрлэснээр авто замын зохиомол түгжрэл үүсэж буй өнөөдрийн байдал эрс буурах,
  2. Ослын үед иргэдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй тохиолдолд тээврийн цагдаагийн албаны оролцоогүйгээр нөхөн төлбөрийг шийддэг болох, 
  3. Хариуцлагын механизмын үйлчлэл өндөржиж, хохирол нөхөн олгох ажилд хүний оролцоог эрс багасгах,
  4. Замын хөдөлгөөнд соёлтой оролцдог, замын хөдөлгөөний дүрмийг чандлан мөрддөг жолооч нарын төлөх хураамжийн хэмжээг багасгах

Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ цахимжиж, RFID тоног төхөөрөмжөөр хянадаг болсноор нийслэлийн хэмжээнд мэдээллийн томоохон дэд бүтэц бий болж мэдээлэл солилцоо болон хүртээмж нэмэгдэх ач холбогдолтой.

Цаашлаад зам, тээвэртэй холбоотой харилцаанд технологийн өргөн шийдэл нэвтрүүлэн, авто замын сүлжээг сайжруулах, түгжрэлийг бууруулах цогц боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ