2022.12.01
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Энэ удаагийн Чингисийн одон нүдээ олсон шагнал болсон
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг дараах дурсамжаа бичжээ.
Чингисийн одон хүртсэн Монголч эрдэмтэн, профессор, судлаач ЖАК УЭТЕРФОРД эрхэмтэй анх 2018 онд уулзаж, Монголын төрт улсын түүхэнд хатад, эмэгтэйчүүдийн оролцоо хувь нэмрийн тухай бүтээлийнх нь судалгааны талаар сонирхолтой яриа өрнүүлж, санал бодлоо солилцож байв.
Хожим нь профессор Жак Уэтерфордын дээрх судалгааныхаа үр дүнгүүдийг нэгтгэн гаргасан The Secret History of the Mongols Queens буюу “Монголын Их Хатдын НУУЦ ТОВЧОО” хэмээх бүтээлээ 2018 онд Монгол хэлээр дахин хэвлүүлэх болсноо дуулгаж, энэхүү бүтээлд нь өнөө цагийн Монгол төрд зүтгэж байгаа төрийн түшээ эмэгтэй хүний хувиар “Мэндчилгээ” бичих хүсэлт ирүүлж билээ.
Энэ удаагийн ЧИНГИСИЙН ОДОН-г түүнд өгсөн нь үнэхээр нүдээ олсон шагнал гэж би хувьдаа баярладаг. Учир нь Монголын түүх, төрт ёс, түүнд эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн үүрэг, оролцоог нарийвчилж судалсан эрдэмтэн судлаачид цөөн.Түүний энэхүү бүтээлийн олон орны эрдэмтэн судлаачид, түүхчид, Монголыг сонирхогчид уншиж, төрсөн сэтгэгдлүүдээ хуваалцсан байдаг.
Миний хувьд түүний энэхүү бүтээлийг та бүхэн эрэгтэй, эмэгтэй гэлгүй заавал олж уншаасай гэж хүсч байна. Энэхүү гайхалтай бүтээлийг уншсанаар төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо яагаад илүү чухал гэдгийг та бүхэн илүү мэдэж, ойлгох болно.
Эмэгтэйчүүд бол төрийн хос баганы нэг юм. Монгол төр үеийн үед хос баганатай байсан түүхтэй ч түүхийн зарим он жилүүдэд энэ тэнцвэр алдагдсанаар Монголын төрт улсуудад ямар олон асуудлууд, тэмцэл, хуваагдал үүсч байсныг түүний энэхүү бүтээлээс олж мэдэх болно.
Монголынхоо олон олон уншигчдад түүний энэхүү гайхалтай бүтээлийг дахин хүргэхэд дэмжиж хамтран ажиллах болно.
ШИНЭ МЭДЭЭ
Ногоон дэлхийн төлөө сэтгүүлчид нэгдэцгээе
2022.12.23
Говийн бүсийн хэлэлцүүлэг боллоо
2022.11.23
УИХ-ын гишүүн Б.Саранчимэгтэй уулзлаа
2022.11.22