2022.12.02
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

С.Одонтуяа: Гал тэрэгний үйлчилгээг орчин үетэй зэрэгцүүлэн хөгжүүлэх хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.02\ нэгдсэн хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах бусад хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: 

Төр бүх юмыг өөрөө хийнэ гэхээс илүү хувийн хэвшилдээ хийх боломж олгох хэрэгтэй. Агаарын зам, усан зам, интернэтээр холбогдсон улс орон хөгждөг. Энэ хуулийг дэмжиж байна, зоригтой алхам хийсэн. Агаарын замыг либералчлах хэрэгтэй. Тийзийн үнийг багасгах ёстой. Энэ сайхан байгаль, эх сайхан түүхээ үзүүлэх ёстой. Аялал жуулчлалын үйл ажиллагаагаар дамжиж орон нутгийн иргэд орлоготой болдог, ажлын байр нэмэгддэг. Бид хүнд суртлаасаа салъя гэж байхад ахиад бичиг, баримт бүрдүүлэх асуудал яригдах вий. Иймд аялал жуулчлалын компаниудтай сайн хэлэлцүүлэг хийгээрэй.

Зөвшөөрлийн олон зүйлийг халж байгаа. Хамгийн гол нь стандарт тогтоох хэрэгтэй. Зөвлөх үйлчилгээг сайн олгоорой. Монголчууд нэг газраа дахин дахин ирж магадгүй. Харин гаднынхан нэг удаа ирээд таалагдаагүй бол дахиж ирэхгүй бусдад очиж хэрэггүй гэсэн сурталчилгааг өгдөг. Түүнчлэн манай улс хүүхдүүдийн аялах үйлчлэх боломжоор хангах хэрэгтэй. Иймд хүүхдүүдийн болон дотоодын аялал жуулчлалаа хөгжүүлээрэй. Авто зам, агаарын тээвэр боломжтой байна. Харин гал тэрэгний үйлчилгээг орчин үетэй зэрэгцүүлэн хөгжүүлээрэй. Хувийн хэвшилтэй хамтраад хэдэн сайхан люкс үйлчилгээг гаргах хэрэгтэй. Энэ том боломж нээж өгнө.

ШИНЭ МЭДЭЭ