НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Сурагчдын амралтаар хүүхдүүдийг осол, гэмтлээс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгов
2022.12.19
Улстөр

Сурагчдын амралтаар хүүхдүүдийг осол, гэмтлээс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгов

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан явуулав.

Хотын дарга өмнөх шуурхай зөвлөгөөнөөр нийт 10 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 88 хувьтай байжээ. Тухайлбал, инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангаж, ус, дулаан, цахилгаан хангамжаар байгууллага, иргэдийг тасалдуулахгүй, гэнэтийн гэмтэл, саатал гарахаас урьдчилан сэргийлэх, шуурхай ажиллагааны бригад, жижүүрийн хуваарь гарган хяналт тавьж, болзошгүй осол, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг үүрэг болгосон. Энэ дагуу нийт 303 хүн 86 машин, техниктэй ажиллаж байна.

Мөн сайжруулсан шахмал түлшний баруун, зүүн бүсийн үйлдвэрийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч, түлшний чанар, стандартад хяналт тавьж, айл өрхүүдийг сайжруулсан түлшээр тасалдуулахгүй хангах арга хэмжээ авч ажиллах чиглэл өгсөн. Өдгөө баруун, зүүн үйлдвэрт 14 шугам хэвийн ажиллаж, өдөрт 2000 тонн гаруй шахмал түлш үйлдвэрлэж байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас түлшний чанарт тогтмол хяналт тавьж, ажиллаж байгаа бөгөөд агуулах, борлуулалтын цэг, үйлдвэрлэж буй шахмал түлш, түүхий эдүүдээс дээж авч, шинжлүүлж байгаа юм.

99 иргэнийг аварч, 3.1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалав

Өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Дашням танилцуулав. Тэрбээр “Гал түймэр болон аврах ажиллагааны 86 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 99 иргэнийг аварч, 3.1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалан ажилласан. 2022 он гарсаар нийт 2031 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17.8 хувиар өссөн үзүүлэлт. Гамшгаас хамгаалах сургалтыг 19 удаа зохион байгууллаа” хэмээв.

Тээврийн цагдаагийн албаны Нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга, хурандаа С.Баасанжав “Нийслэлийн гудамж, замд өдөр болон шөнийн цагаар 191 цэгт 557 алба хаагч хяналт тавьж ажиллаж байна. Хяналт шалгалтаар 23,852, хяналтын камераар 21,329 зөрчил илрүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 401 зөрчлийг таслан зогсоосон. Мөн дээрх хугацаанд 28 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргасан байна. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Тээврийн цагдаагийн албанд 5008 дуудлага ирж, эд материалын хохиролтой 4936 осол бүртгэгдэж, 72 хүн бэртсэн. Ослын улмаас нэг иргэн нас барсан” гэлээ.

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, хурандаа Б.Оюутболд “14 хоногийн хугацаанд 15,559 гомдол, мэдээлэл ирсэн нь 74 нэгжээр өссөн үзүүлэлт. Гэмт хэргийн 2657 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 12.1 хувиар буурсан. Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг өссөн. Бусад гэмт хэргийн тухайд буурсан үзүүлэлттэй байна. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл мөн багассан” гэлээ. Тэрбээр мөн жагсаалтай холбоотойгоор Сүхбаатарын талбайд өдөрт 50-60 иргэн хонож байгааг танилцуулав.

Сайжруулсан түлшний 95 мянган тонн нөөцтэй байна

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд шахмал түлшний 95 мянган тонны нөөцтэй. Түүхий эд, шуудайн нөөц хангалттай бий. Өдөрт түлшний 3500 тонн захиалга ирж байгаа. 31 компанийн 310 машинаар тээвэр хийж байна. Тавдугаар сараас нөөцийг бэлдсэн гэдгийг танилцууллаа.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд “1157 тонн бодис, 1341 тонн давс цацаад байна. Нөөц хангалттай байгаа хэдий ч гэр хорооллын зам, гудамжинд халтиргаа, гулгаа их үүсэж байгаа учраас ачаалал дийлэхгүй байх үе бий. 2023 оноос дүүргүүдтэйгээ шинэ менежментээр ажиллана. Машин, техникийг шинэчлэх ажил эрчимжиж байгаа” гэлээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Томуугийн өвчлөл нийт амбулаторийн үзлэгийн 10-12 хувийг эзэлж байна. Ковид хоёр орон тоонд орсон. Жагсаалтай холбоотойгоор нэг ээлжид гурван баг ажиллаж байна. Өдрийн цагаар дуудлагаар, шөнийн цагт хоёр цаг тутамд үзлэг хийж байгаа. Мөн давхардсан тоогоор 340 хүнд үзлэг хийгээд байна” гэлээ.

Жагсагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дараах үүрэг, даалгаврыг өглөө.

  • Сайжруулсан шахмал түлшний чанар болон борлуулалтад тавих хяналтыг сайжруулах, айл, өрхүүдийг сайжруулсан түлшээр тасалдуулахгүй байхад анхаарч ажиллах.
  • Инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангаж, машин механизм, техник тоног төхөөрөмж, бодис, давсны бэлэн байдлыг хангах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
  • Нийслэлийн 2023 оны худалдан авах ажиллагааны төлөвлөлтийг боловсруулж, батлуулан холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийгдэх ажлуудыг олон нийтэд мэдээлэх, зар хүргэх ажлуудыг зохион байгуулах.
  • Баярын өдрүүдэд ажиллах эргүүл, жижүүр томилон ажиллуулж, Захирагчийн ажлын албанаас хяналт тавьж ажиллах.
  • Жагсаал, цуглаантай холбогдуулан жагсагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах ажлыг хуулийн хүрээнд анхаарч, чиг үүргийн дагуу ажиллах.
  • Нийгмийн хэв журам, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, олон нийтийн амгалан тайван, аюулгүй байдлыг хангах, хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж ажиллах.
  • Ерөнхий боловсролын сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан хүүхдүүдийг гэнэтийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулахыг тус тус үүрэг болгов.

ШИНЭ МЭДЭЭ