МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Үндэсний программ хангамжийн системийн нээлтээр 4.5 тэрбум төгрөгийн худалдан авалт хийв
2022.12.20
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Үндэсний программ хангамжийн системийн нээлтээр 4.5 тэрбум төгрөгийн худалдан авалт хийв

Цахим хөгжил, харилцаа холбооны яам (ЦХХЯ)-наас өнөөдөр төрийн программ хангамжийн худалдан авалтын Үндэсний программ хангамжийн их дэлгүүр www.MINDGOLIA.mn системийг нээлээ.

Энэ цагаас эхлэн дотоодын компаниудын хөгжүүлсэн системийг дотоод, гадаадын олон байгууллага шууд ашиглах боломжтой болж буйг УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал онцоллоо. Улмаар тендер зарлаж программ захиалдаг тогтолцоог халж байна. Ингэснээр цаг хугацааг бодитоор багасган, төсвийн хэмнэлтийг бий болгож, системүүдийн харилцан уялдааг хангах, мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах зэрэг давуу байдлыг төрд бий болгож буйг тэрбээр тодотголоо.

Программ хангамжийн худалдан авалт шилэн боллоо.


“Олборлолтоос оюун санаа руу” уриан дор ЦХХХЯ-наас төрийн программ хангамжийн худалдан авах ажиллагааг ийнхүү шинэ түвшинд гаргаж, үргүй зардлыг бууруулж, бүтээмжийг нэмэгдүүлж байна.

Үндэсний программ хангамжийн их дэлгүүр www.MINDGOLIA.mn системд одоогийн байдлаар 100 гаруй компанийн 180 орчим бүтээгдэхүүн байршин, өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Энэхүү систем нь монгол инженерүүдийн оюун ухаанаар бүтсэн программ хангамжийн их дэлгүүрээс өөрт хэрэгтэй бүтээгдэхүүнийг сонгоход туслах юм.

Үндэсний программ хангамжийн системд өнөөдрийн байдлаар дотоодын 100 компанийн 180 бүтээгдэхүүн байршжээ.

Нээлтэд оролцсон Шадар сайд С.Амарсайхан "Энэхүү платформыг нэвтрүүлснээр төрийн байгууллага төсвийн хөрөнгөөр мэдээллийн технологи, программ хангамжийн худалдан авалт хийхдээ нэн тэргүүнд дотоодын компаниудынхаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах боломжийг бүрдүүлж байгаагаар чухал ач холбогдолтой”-г тэмдэглэн хэлэв.

Системийг хөгжүүлж туршсан сүүлийн 30 хоногт таван төрлийн 4.5 тэрбум төгрөгийн системийг 21 аймгийн ерөнхий боловсролын 248 сургууль хэрэглэсэн хэмжээгээрээ төлбөрөө төлөх нөхцөлтэйгөөр худалдан авчээ.

Системийн талаар бид Монголын Программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч А.Баттамираас тодрууллаа. Тэрбээр, энэ системийг энгийнээр ойлгоход хэрэглэгч, үйлдвэрлэгч хоёрыг холбож өгч буй нээлттэй катологи юм. Программ хангамжийн салбарт үйл ажиллагаа явуулж буй бүх компани, хувийн хэвшлийнхэн нэг системд өөрсдийн бүтээгдэхүүнээ оруулж буйг тодотголоо.

Нээлттэй катологиос заавал төрийн байгууллага гэхгүйгээр, төр, хувийн хэвшил, хувь хүн, гадаад, дотоодын компаниуд, олон улсын байгууллагууд Монгол Улс дахь программ хангамжийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээнээс сонголтоо хийн татан худалдан авах, хамтран ажиллах боломжтой болж байна.

Эдийн засаг-нийгэм, төр, засагт үзүүлэх үр нөлөөг түүнээс тодруулбал, тэрбээр Монголд цахим шилжилтийг түргэтгэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо. Монгол Улс олон улсад засаглалын индексээр 14 байраар урагшилжээ. Дижитал өрсөлдөх чадварын индексээр авч үзэхэд мөн дэвшжээ. Манай улс цахим, программ хангамжид өнгөрсөн хугацаанд 900 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг зарцуулаад байна.

Монгол Улс бэлэн байгаа программ хангамжаа ашигласнаар дахин худалдан авах, ашиглах зэрэг зардлыг хоёр талдаа хэмнэн бууруулж, үндэсний программ хангамжийн салбар ашигтай тусч буйг тэрбээр тодотголоо. Нэг ёсондоо төр өөртөө зориулсан систем хийлгэхээ болиод, шинээр хөгжүүлэх шаардлагагүйгээр дотоодын зах зээл дээр хэдийнэ бэлэн байгаа системийг худалдан авдаг болох нь.


Жишээ нь, манай улс шинэ программ гадаадаас худалдан авах, эсвэл хөгжүүлэхэд ойрын 3 жилийн хугацаанд зарцуулахаар тооцож буй нэг их наяд төгрөгийн зардлыг үндэсний программ хангамжийн их дэлгүүр www.MINDGOLIA.mn системийг нээснээр 10-100 дахин хэмнэгдэн буурна гэдгийг хэлэв.

Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, Шадар сайд С.Амарсайхан, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Монгол Улс дахь Дэлхийн банкны суурин төлөөлөгч А.Михнев нарын албаны хүмүүс оролцож, үндэсний программ хангамж үйлдвэрлэгч нар бүтээгдэхүүнээ танилцуулав.

ШИНЭ МЭДЭЭ