МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ц.Сэргэлэн: Монгол улсын хуулийг зөрчиж, хазгай гишгэж явсан түүх надад хэзээ ч байхгүй
2022.12.20
Улстөр

Ц.Сэргэлэн: Монгол улсын хуулийг зөрчиж, хазгай гишгэж явсан түүх надад хэзээ ч байхгүй

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнтэй ярилцлаа.


-Та бүхнийг ямар үндэслэлээр нүүрсний хэрэгт нэр холбож зарласан талаараа АТГ-аас хариу мэдээлэл өгсөн үү?

-Авлигатай тэмцэх газар биднээс асуулт, мэдүүлэг аваагүй. Гэнэтхэн л нүүрсний хулгайн хэрэгт холбогдож шалгагдаж байгаа хүмүүсийн нэрс гээд зарласан. Бид юуны учир, ямар үндэслэлээр шалгагдаж байгаагаа одоо болтол мэдээгүй сууж байна. Мэдэхийн тулд АТГ-т очсон. Одоог хүртэл хариу сонсоогүй явна.

-Таныг Хил хамгаалах ерөнхий газрын даргаар ажиллаж байх үед нүүрсний хулгай гарчихсан байсан уу?

-Хил хамгаалах байгууллага нүүрсний хэрэгт ямар холбоотой байж болох вэ гэсэн өнцгөөс таныг асууж байна гэж ойлголоо. Хил хамгаалах байгууллага хуулиар Монгол Улсын хилээр нэвтэрсэн зорчигч тээврийн хэрэгслийг бүртгэж, зорчигчийн баримт бичигт хил нэвтрэх дардсыг нь дарж гаргадаг. Нэвтэрч байгаа тээврийн хэрэгсэлд хил зөрчигч байгаа эсэхийг илрүүлэх зорилгоор үзлэг хийдэг. Мөн хилээр гарч байгаа бүх тээврийн хэрэгслийг улсын дугаараар нь бүртгэдэг. Ийм чиг үүргийг хилийн боомт дээр гүйцэтгэдэг. Түүнчлэн хилийн боомтын аюулгүй байдлыг хангах том үүргийг хэрэгжүүлдэг төрийн тусгай байгууллага.

Гаалийн байгууллага хилийн боомт дээр хамт ажилладаг. Урьд нь Хилийн мэргэжлийн хяналтын байгууллага гээд гурван байгууллага хамт ажилладаг байсан. Өнгөрсөн жил хуулиар Хилийн мэргэжлийн хяналтын байгууллагыг Гаалийн байгууллагатай чиг үүргийн давхцалтай байна хэмээн Хилийн мэргэжлийн хяналтын байгууллагыг Гаалийн байгууллагын бүтцэд оруулсан. Одоо бол хоёр байгууллага Хил хяналтын байгууллага гэдэг хуулийн нэр томьёогоор зэрэгцэж ажиллаж байгаа.

Тээврийн хэрэгслийн ачсан гурил, нүүрс, будаа байна уу ялгаагүй тээвэрлэсэн ямар нэгэн бараа таваарын бүртгэлийг нь Гаалийн байгууллага хийж гаалийн мэдүүлэг өгүүлж татварыг нь хурааж авдаг чиг үүрэгтэй.

Хэрвээ улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа таваар байвал хурааж авдаг. Хил хамгаалах байгууллага, Гаалийн байгууллагын чиг үүрэг хуулиар тусдаа. Өөрсдийн үүргээ энэ хоёр байгууллага гүйцэтгээд явж байгаа. Хилийн боомт бүр дээр хяналт шалгалтын дараалал гэж юм бий. Монгол Улсын хилээр гарч байгаа тээврийн хэрэгслийн гарах дараалалд эхлээд Гаалийн байгууллага үзлэг, шалгалт, гаалийн бүрдүүлэлтээ хийнэ. Дээр ярьсан татвар хураамжаа авна. Ингээд Гаалийн байгууллага бүрэн шалгаж дууслаа, явж болно гэдэг командыг өгнө. Дараагаар нь Хил хамгаалах байгууллагын хилийн шалган нэвтрүүлэх алба угтаж авна. Хилийн шалган нэвтрүүлэх алба бараа таваар болон хүний эд хөрөнгөд хүрч болохгүй.

Учир нь Гаалийн байгууллага үзлэг хийж шалгаад хилээр нэвтрүүлж болно гээд бүртгэлийг нь хийчихсэн эд зүйл, бараа таваарт хүрэх эрх байхгүй. Ганцхан тухайн тээврийн хэрэгсэлд хил зөрчигч нуугдаж байгаа эсэхийг л шалгана. Өөрөөр хэлбэл, улсын хилээр хууль бусаар нуугдаж гарах гэж байгаа эсэхийг илрүүлэх зорилгоор хүн нуугдаж болох газруудад үзлэг хийнэ. Үзлэг хийнэ гэдэг нь нүдээрээ харж, нохойгоор мөрдүүлдэг. Үзлэгээр зөрчил илрээгүй бол тээврийн хэрэгслийн жолоочийн паспорт дээр нь улсын хил нэвтэрч болно гэсэн штанб дардаг. Үзлэгийн явцад галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис илэрвэл шууд Гаалийн байгууллага, Тагнуулын байгууллагад мэдэгдэж хамтарсан үзлэг хийж протокол хөтлөөд хуулийн байгууллагад шилжүүлдэг.

Хилээр орж ирэх чиглэлд мөн адил дарааллаар шалгаад нэвтрүүлдэг. Ийм үйл ажиллагаа хилийн боомт дээр хуулиар явагддаг.

Хил хамгаалах байгууллага чиг үүргийн хүрээнд нүүрстэй холбогдох ямар ч үндэслэл байхгүй. Нүүрс ачсан эсэх, хэдэн тонн нүүрс ачсан гэдэг нь Хил хамгаалах газарт ямар ч хамааралгүй байдаг. Тэр бол зөвхөн Гаалийн байгууллагын асуудал. Гаалийн байгууллага нүүрс, будаа гурил гэхчлэн бараа таваараа бүртгэж аваад тонн хэмжээг нь хэмжээд тэдэн тонн нүүрс байна, тэдэн тонн гурил байна гэдгийг бүртгээд холбогдох татвар хураамжаа аваад гаргадаг.

Тэгэхээр нүүрсний асуудал чиг үүргээрээ Гаалийн бүртгэл хяналтаар ороод гарах ёстой. Бүртгэл хяналтад орсон уу, үгүй юү гэдэг нь Гаалийн байгууллагын өөрсдийнх нь чиг үүрэг бөгөөд гарцаагүй хийх ёстой ажил. Тиймээс Хил хамгаалах байгууллага нүүрсийг улсын хилээр нэвтрүүлэх гэсэн асуудалд оролцох боломжгүй.

-Нүүрс ачсан 10 машиныг бүрдүүлбэргүйгээр хилээр гаргахад Хил хамгаалах газрын хоёр ажилтан оролцсон гэсэн мэдээлэл ил болсон. Та энэ тухайд юу хэлэх вэ?

-Хил хамгаалах байгууллагад харьяалалтай хоёр албан хаагч өнгөрсөн оны дөрөвдүгээр сард нэг нь, наймдугаар сард нэг нь 10 машиныг тухайн үед гарч байсан Гаалийн байгууллагын ажилчидтай хуйвалдаж хил нэвтрүүлж байжээ гэсэн. Үүнийг би тодруулж, учир шалтгааныг нь асуусан. Тэгсэн дээрх үндэслэлээр шалгагдаж байгаа юм билээ. Үүнийг үгүйсгэхгүй. Тухайн өдөр гарч байсан Гаалийн байцаагч өөрөө шалгаж бүртгээд, татвар хураамжаа аваад гаргах ёстой байтал үүнийг гаргачих гээд явуулчихсан. Нөгөөдүүл нь штанбыг нь дарж өгөөд гаргачихсан байж болно.

Үүний хоёр машин нь хоёр дахиж гарсан. Найман машин нь нэг удаа гарсан. Давхардсан тоогоор 10 машин гарсан асуудал шалгагдаж байгаа юм билээ.

-Ер нь бүрдүүлбэргүйгээр нүүрс гарсан нь алдагдсан боломжид хамгийн их дүнг эзэлж байгаа юм билээ. Таныг дарга байх үед хоосон гарч байна гэх мэдээлэл хэр их ирдэг байсан бэ?

-Би сая хэллээ шүү дээ. Тухайн машин хоосон гарч байна уу, ачаатай гарч байна уу гэдэг асуудал Хил хамгаалах байгууллагад огт хамаагүй байдаг. Зөвхөн Гаалийн байгууллагад л хамаатай.

Хил хамгаалах байгууллага бүх машинд бүртгэл хийдэг. Монгол Улсын хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн бүртгэлийг хийдэг. Ачааных, хүн тээврийн, автобус гэхчлэнгээр ангилаад бүртгэж байна гэсэн үг. Энэхүү бүртгэлээ хөрш орны буюу БНХАУ-ын Хил хамгаалах байгууллагын бүртгэлтэй тулгадаг. Боломжтой бол өдөртөө, удлаа гэхэд долоо хоногт тулгадаг. Сар, улирал, жилээр байнга тулгадаг. Учир нь хилийн боомтыг хаах, нээх асуудалд хоёр улсын хил хамгаалах албанд их нөлөөтэй. Өнөөдөр манай талаас тэдэн хүн, тэдэн машин гарсан гээд хөрш улсын байгууллагатай тулгачихдаг.

-Тэгвэл хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн тоо зөрж байгаа, Хятадын тал мэдээллээ өгөхгүй байгаа зэрэг мэдээлэл ямар учиртай юм бэ?

-Монгол Улсын хилээр нэвтэрч байгаа тээврийн хэрэгслийн бүртгэл нэг ч машины зөрүүгүй. Харин тэр тээврийн хэрэгсэл гаалийн бүртгэл дээр ачаатай, ачаагүй гэдэг нь зөрөөд байгаа юм. Улсын хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн тоо БНХАУ-ын тал руу нэвтэрсэн машины тоотой таарч байгаа юм. Яагаад гэвэл үүнийг Хил хамгаалах байгууллага хилээр нэвтэрсэн машины бүртгэлийг Гаалийн байгууллагын бүртгэлтэй ачаатай ачаагүй гарсантай тулгаад үзэхээр зөрөөд байгаа юм.

Уг нь Гаалийн байгууллага нүүрсэн дээр ч гэдэг юм уу экспортын том бүтээгдэхүүн дээр ямар хэмжээний нүүрс гарснаа хөрш орны Гаалийн байгууллагатай тулгаад явж байх ёстой. Тэгвэл тоо зөрөхгүй шүү дээ. Тухайн өдөртөө тулгаж болоогүй юм бол улирал, сард нь тулгалт хийгээд явах ёстой. Ингэвэл хэдэн тонн гарсан мэдээлэл дороо гараад ирнэ. Хил хамгаалах байгууллагын бүртгэсэн машины тоо зөрөөгүй.

Би Хил хамгаалах байгууллагын даргаар ажиллаж байгаад 2013 оны ихээр ажлаас чөлөөлөгдсөн. Намайг ажлаас чөлөөлөгдсөний дараа Хил хамгаалах байгууллагын хилийн шалган нэвтрүүлэх алба буюу саяны миний ярьсан чиг үүргийг Хил хамгаалах байгууллагаас татан буулгасан. Ингээд 2017 оны хоёрдугаар сарын 1-нийг хүртэл энгийн байгууллага үүнийг хариуцсан. Энэ хугацаанд гарсан машин тээврийн хэрэгслийн асуудлыг Хил хамгаалах мэдэхгүй.

Гадаадын иргэн харьяатын байгууллага энэ үүргийг хэрэгжүүлж байсан. Тиймээс тэр байгууллагын бүртгэл тооцоонд байх ёстой. 2017 оны хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжсэн хуулийн дагуу энэ бүтэц эргэж Хил хамгаалах байгууллагад дахин байгуулагдаад үйл ажиллагаа нь одоо хэвээр явж байна. Үүнээс хойш гарсан машин тээврийн хэрэгслийн бүртгэл мөн адил БНХАУ-ын талтай яг таарч байгаа. Нэг машин зөрвөл асуудал үүснэ. Хоёр улсын тусгай албад үүнийг дор нь илрүүлнэ. Ядах юмгүй бариад авна.

-Нүүрсний хулгай гарч байгааг та хэзээ мэдсэн бэ?

-Л.Энхболд гишүүнээс албан бичгээр Хил хамгаалах байгууллагаас улсын хил нэвтэрсэн тээврийн хэрэгслийн бүртгэл тооцоог гаргаж өгнө үү гэсэн хүсэлт ирсэн. Яг энэ дагуу нь улсын хилээр нэвтэрсэн зорчигч тээврийн хэрэгслийн бүртгэлийг, нэг бүрчлэн номер дугаараар нь өгсөн. Тэр нь Хятадын талтай тулгасан мэдээлэл.

Л.Энхболд гишүүн гаргаж тавьсан учраас энэ хүрээнд асуудал хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа гэж би ойлгосон. Учир нь Л.Энхболд гишүүний манай руу явуулсан хүсэлттэй адилхан хүсэлт хууль хяналтын байгуулага руу явуулсан байсан. Иймээс Хил хамгаалах байгууллага хууль хяналтын байгууллагуудад хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээллийг гаргаж өгсөн. Тэгэхээр нүүрсний хулгай байгаа юм болов уу гэсэн бодол төрж байсан.

Гэхдээ энэ нь Хятадын талд орсон нүүрстэйгээ таарч байна уу гэдэг асуудал. Ер нь хулгай гарсан эсэхийг тогтоох хамгийн амархан арга нь Гааль дээр байгаа Монгол Улсын хилээр нэвтэрсэн нүүрсний бүртгэлийн мэдээллээ Хятадын талд орсон нүүрсний бүртгэлтэй тулгаж үзээд зөрүү гарвал нүүрсний хулгай байна гэсэн үг. Хэдэн тонны зөрүү байна гэдэг нь гараад ирнэ. Тиймээс Хятадын талтай л тулгачих хэрэгтэй. Монголын гаалийн бүртгэлийн Хятадын гаалийн бүртгэлтэй боомт боомтоор нь тулгачих л даа.

-Та 2016-2019 онд Хил хамгаалах газрын ерөнхий даргаар ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл, нүүрсний хулгай гарч байна гэсэн мэдээлэл ил болсон байх үед та дарга байж. Хил хамгаалах газар Монгол Улсын дархан хилийг манах үүрэгтэй. Гэтэл улсын дархан хилээр Монгол Улсын байгалийн баялаг хулгайлагдаж байхад та яагаад чимээгүй суусан юм бэ. УИХ-ын гишүүн болоод ч та энэ асуудлаар яриагүй шүү дээ?

-Би нүүрсний тухай юу ч хэзээ ч ярьж байгаагүй хүн. Учир нь Хил хамгаалах байгууллага нүүрсний хулгай гэх асуудалд огт хамаагүй байгууллага учраас тухайн агентлагийн дарга энэ асуудлыг ярих боломж ч байхгүй. Тийм сэдэв ч байхгүй. Ганцхан үүнийг ярьсан, хэлсэн, хүсэлт тавьсан болгонд улсын хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн бүртгэлийг яг хууль номынх нь дагуу Хятадын талтай тулгасан бүртгэлээ албан ёсоор гаргаж өгсөн. Хэдэн тонн нүүрс гарч байна гэдгийг Хил хамгаалах газар хянах ямар ч боломжгүй. Гаалийн чиг үүрэг гэж би танд гурван удаа хэллээ.

Гаалийн байгууллага хоёр улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй байгууллага. Бид хилийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Би хэллээ ш дээ. Улсын хилээр хууль бусаар хил зөрчигч нэвтрүүлэхгүй байх, улсын хилээр хууль бусаар машин гаргуулахгүй байх. Үүнийгээ Хил хамгаалах байгууллага яг хуулийн дагуу хийгээд өнөөдөр хууль хяналтын байгууллага гаргаад өгчихсөн. Тэр тоо нь цаад талтай яв цав нийцэж байгаа. Хил хамгаалах байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргээ одоо болтол хэрэгжүүлээд явж байгаа.

-Та АТГ-т мэдээлэл хийж байхдаа “намайг намнах гэсэн нэг хүн байдаг. Тэр ар өврөөр гүйж ийм юм хийж байна гэсэн. Та бол өнөөдөр хууль тогтоох байгууллагын гишүүн хүн. Монголд нэгнийгээ намнахад хууль хяналт оролцдог болчихсон юм уу?

-Монгол Улс бол ардчилсан улс. Хүний эрх, эрх чөлөө дархан байх ёстой. Миний харж байгаагаар нэр зарлаж байгаа нь хууль зөрчсөн л асуудал. Хүний нэр төрд халдаж байгаа хэрэг. Би үүнд тоож байгаа юм алга. Зарлачихсан юманд би юу хэлэх вэ. Тэднийг хууль зөрчсөн гэж харж байна. гэхдээ энэ цаанаа улс төрийн зорилготойгоор миний нэрийг оруулсан юм болов уу гэж би хардаж байгаа, хардах эрх надад бий. Зарим мэдээллийн хэрэгслээр хардах эрхтэй гээд намайг гүтгэсэн нийтлэл гаргасан байна лээ. Хардаж болно. Гүтгэж болохгүй шүү дээ. Тиймээс би хардаж байгаа юм. Тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тавиулсан нийтлэлийг мөшгөөд үзэхээр нэг хүн ар, өврөөр нь гүйгээд байгаа юм. Тэр мэдээллийг харахаар хүн бэлдэж өгсөн болохоос сэтгүүлчид өөрсдөө олоод тавьсан зүйл биш байна лээ. Хүн зохиож бичээд аваачаад өгчихсөн байгаа юм.

Миний харж байгаагаар үүний ард миний нэр төрийг унагаах гэсэн явуургүй оролдлого явж байна гэж харж байгаа. Юугаар нотлогдож байна гэхээр би нүүрсний ямар ч үйл ажиллагаанд оролцоогүй хүн. Надад нүүрсний нэг ширхэг ч машин байхгүй. Нүүрстэй холбоотой ямар ч аж ахуйн нэгж байхгүй. Нүүрстэй холбоотой ямар нэгэн гэрээ хэлцэлд би хэзээ ч орж байгаагүй. Тэр байтугай үг дуугарч харж ч байгаагүй.

Нүүрсээ олборлодог аж ахуйн нэгжүүдээс бараа таваар худалдан авсан, худалдаж өгсөн ганц ч тохиолдол байхгүй. Ийм хүнийг ингэж зарлаж байгааг санаатай юм уу гэж бодож байна. Надад реакц өгөх юм алга. Хууль хяналтын байгууллага надаас асууж тодруулах зүйлээ асууж тодруулаг. Би өөрийн мэддэг зүйлээ бүгдийг нь хэлээд өгнө. Энэ асуудлыг шалгаж тодруулахад дэмжлэг болох байх гэж бодож байна.

2012-2016 оны хооронд Хилийн шалган нэвтрүүлэх албыг татан буулгасан гэж би түрүүн хэлсэн. Дээр нь Хилийн Тагнуулын албыг татан буулгасан. Энэ хоёр асуудлыг ямар зорилготой юм бол гэж би боддог. Үүнийг улстөрчид, хууль хяналтын байгууллага анхааралдаа аваасай гэж бодож байгаа.

-Намын дотоод зөрчилдөөний улмаас та бүхнээр туг дахиж байна гэцгээж байгаа шүү дээ. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Би үүнийг намтайгаа холбож харахгүй байна. Би энэ намын шударга гишүүн. Намд гомдож тунирхаад байгаа зүйл надад алга. Би нэг зүйлийг гайхдаг. Улс төрд ямар нэгэн будлиангүй, но-гүй хүн яагаад байж болдоггүй юм бэ. Би Монгол Улсын хуулийг зөрчсөн, хазгай гишгэж явсан түүх надад хэзээ ч байхгүй. Би бусдын адил хуулиа хүндэтгэж, төрдөө үнэнчээр ажиллаж яваа хүн. Заавал намайг харлуулах оролдлого яваад байх юм.

Монгол Улсын аюулгүй байдлыг хангах албанд байлдагчаас нь эхлээд генерал хүртэл, анхан шатны нэгжээс эхлээд удирдах байгууллага хүртэл яг шатлан ажиллаж явсан хүний хувьд энэ асуудлаар онол практикийн түвшинд би хэнтэй ч ярих чадамжтай. Миний олж авсан онолын мэдлэг, туулж өнгөрүүлсэн амьдралын замнал, туршлага аюулгүй байдлын чиглэлийн Монгол төрийн ҮАБ-ын бодлогыг боловсруулах үйл явцад хэрэг болох юм болов уу гэж бодож, зорилго тавьж УИХ-д нэр дэвшсэн.

ШИНЭ МЭДЭЭ