Мал аж ахуйн үйлдвэрлэлийн асуудлаар судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралджээ
2022.12.27
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн асуудлаар судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралджээ

УИХ-ын Хүнсний хангамж, аюулгүй байдлын Түр хорооны 2022 оны 11 сарын 09-ны өдрийн 01 тогтоолоор баталсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Мал аж ахуйн үйлдвэрлэлийн асуудлаар судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан Төрийн ордны "Их засаг" танхимд боллоо.

Ажлын хэсгийн хуралдаанаар "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" төлөвлөгөөний хүрээнд Мал аж ахуйн салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний 2023 оны 1 дүгээр сарын 1-с 2024 оны 1 сарын 1 хүртэлх хугацаанд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ.

Мал аж ахуйг дэмжих чиглэлээр 2023 онд 12 арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөгөөнд тусгагдсан. Тухайлбал:

  • Үржлийн хээлтүүлэгч болон цөм сүргийн хээлтэгч малыг ялган төвлөрүүлэх замаар мэргэжилтний хяналтад авах,
  • Малд үзлэг, ангилалт хийх, ялган тэмдэглэж бүртгэлжүүлэх, удам зүйн үнэлгээ хийх замаар малын ашиг шимийн үзүүлэлтийг тодорхойлох, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх,
  • Бэлчээрийн ашиглалт, хамгааллыг сайжруулах, отрын нөөц бэлчээр, усан хангамж, өвс, тэжээлийн нөөц, хангамжийг нэмэгдүүлэх,
  • Малын удмын санг хамгаалах, мал үржүүлэг, технологийн ажлыг эрчимжүүлэх, энэ чиглэлийн нэгжийн үйл ажиллагааг дэмжих,

Зөгийн аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг бүсчлэл, хамтын ажиллагааны цар хүрээгээр кластерын зохион байгуулалтад оруулж, бодлогоор дэмжиж, мэргэжлийн холбоодын үйл ажиллагаанд түшиглэн хөгжүүлэх зэрэг ажлуудыг хийх юм.

ШИНЭ МЭДЭЭ