Онцгой дэглэм тогтоосон 5 сарын хугацаанд 1,260.6 сая ам.долларын үнэлгээ бүхий 13.0 сая тонн нүүрс борлуулжээ
2023.04.20
Уул уурхай, Ашигт малтмал

Онцгой дэглэм тогтоосон 5 сарын хугацаанд 1,260.6 сая ам.долларын үнэлгээ бүхий 13.0 сая тонн нүүрс борлуулжээ

УИХ-ын чуулганы /2023,04,20/-ны өдрийн хуралдаанаар “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Т.Аубакир тогтоолын төслийн байнгын хорооны танилцуулгыг танилцууллаа.

Онцгой дэглэм тогтоосон 2022 оны 10 сарын 26-ны өдрөөс хойш 5 сарын хугацаанд 1,260.6 сая ам.долларын үнэлгээ бүхий 13.0 сая тонн нүүрс борлуулсан. Онцгой дэглэмийн хугацааны сарын дундаж үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлт түүний өмнөх үетэй харьцуулахад эрс сайжирсан. Өнгөрсөн 2022 онд компанийн түүхэн дэх хамгийн өндөр орлого, ашигтай ажилласан жил болж, төсөвлөсөн цэвэр ашгийг 56 хувиар давуулан биелүүлж, цэвэр ашиг 1.3 их наяд төгрөгт хүрсэн.

Нийт 7 удаагийн биржийн арилжааг амжилттай зохион байгуулж, 224 мянган тонн коксжих нүүрс, 192 мянган тонн эрчим хүчний нүүрс, нийт 416 мянган тонн нүүрсийг биржээр, хил нөхцөлөөр амжилттай борлуулсан гэлээ.Тэрбээр үргэлжлүүлэн, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосон хугацаанд санхүүгийн нөхцөл байдал сайжирч, гадаад валютын орох урсгал нэмэгдсэн хэдий ч дээрх хүрээд буй үр дүнг тогтвортой хадгалах, цаашид улам сайжруулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-г олон улсын жишигт нийцсэн компани болгох зорилгоор дараах арга хэмжээг зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна гэв. Үүнд, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй хөндлөнгийн аудитын байгууллагаар аудит хийлгэх, нүүрсийг биржээр, хил нөхцөлөөр борлуулах үйл ажиллагааг жигдрүүлэх, компанийн засаглал, бүтэц, менежментийг сайжруулах, оновчтой болгох шаардлагатай байна.

ШИНЭ МЭДЭЭ