2022.12.30
УИХ-ын гишүүн Э.Батшугар: Баялгийн сан байгуулах хэрэгтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.30\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Э.Батшугар:
Санхүүгийн салбараа либералчлах хэрэгтэй. Энэ хуулийг оруулж ирснээр тодорхой алхмууд хийнэ гэж ойлгож байна. Монголд тулгамдаж буй асуудал бол гадаадын валютын урсгал. Үүнээс шалтгаалж төгрөгийн ханш суларч, долларын ханш чангарч, импортоор орж ирж буй бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна.
Хөрөнгө оруулалтын банкны хуулийг баталснаар гадаадын хөрөнгө оруулалттай банкуудыг урт хугацааны эх үүсвэрээр тодотгох бололцоо нээгдэнэ гэж харж байгаа. Бид бусад улс орны жишгээс судлах хэрэгтэй. Тухайлбал Вьетнам улс санхүүгийн салбараа либералчлаад 2022 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүн нь 8 хувиар өснө гэсэн прогноз гарчихсан. Манайх үүнээс зөв кэйсийг дуурайж, дагах нь зүйтэй.
Үүнтэй холбоотойгоор баялгийн санг ярих нь зөв. Монгол улс зэс, төмөр, хүдэр, жонш алт гэх мэтчилэн олон уул уурхайн баялагтай. Баялгийн сан байгуулж уул уурхайн баялгаа зөв менежмент хийснээр Монгол улс ирээдүйн хойч үедээ үлдээнэ. Учир нь газарт байгаа баялаг дуусдаг. Тиймээс өнөөдөр бүгдийг нь хэрэглээд, үр хойчдоо юуг ч үлдээхгүй байж болохгүй. Монгол улсын иргэн бүр тухайн баялгаас хүртэх ёстой. Хүртэх ёстой зөв зүйл нь баялгийн сангийн хууль юм. Үүнийг аль болох яаравчлах хэрэгтэй. Жишээлбэл Сингапур улсын баялгийн сан байна. Сүүлийн 40 жилд үр дүнтэй үйл ажиллагаа явуулсан. Жил болгон дунджаар 12 хувиар баялгийн сангаа өсгөдөг. 12 хувь ямар тоо гэвэл 40 жилийн өмнө 100 доллар байршуулаад жил болгон 12 хувиар өсгөвөл 9300 доллар болж байгаа юм. Тэгэхээр ийм боломжууд бий. Үүнийг өнөөдөр хэрэгжүүлэх нь зүйтэй.
ШИНЭ МЭДЭЭ
"Миний кодын эхлэл" хакатон нээлтээ хийлээ
2022.11.14