2023.01.12
Улстөр
Ж.Бат-Эрдэнэ: Хуулиудаа үндсээр нь эргэж харж, иргэдтэй нэг ширээнд сууж бүх зүйлээ шийдэх хэрэгтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2023.01.12\ нэгдсэн хуралдаанаар “Ерөнхий хяналтын сонсголын тайлан хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
Эдийн засгийн байнгын хорооны гишүүний хувьд дэмжиж байна. Ерөнхий хяналтын сонсгол дээр Раднаасэд, Доржханд, Тогтохсүрэн гишүүдийн хамт дуусан дуустал сууцгаасан. Эцэст нь хулгайчаараа дуудуулаад дууссан. Энэ сонсголд гадаа жагсаж буй иргэд бөөнөөрөө орж ирсэн. Маш их бухимдалтай байгаа. Амьдралын түвшин нь туйлдаа хүрч байна шүү дээ. Ядуурлын хувь 30 байсан бол 5-аар нэмэгдэж 35% болчихсон явж байна. Сая эндээас 40% тай гэж ярьж байна. Энэ чинь үнэхээр туйлдаа хүрч байна шүү дээ.
УИХ асуудлуудаа эргэж харахгүй юм уу. Анх удаа тогтоолын төсөл болоод орж ирж байна, сайшаалтай. Гадаа жагсаж буй, сонсгол дээр орж ирж буй хүмүүсийг нэг болгоод, түр хороо юм уу ямар нэгэн байдлаар ширээний ард суувал яасан юм бэ. Магадгүй зарим бүрэн, дархан эрхээсээ татгалзъя л даа.
Үндсэн хуулиасаа эхлээд сонгуулийн тухай, улс төрийн намуудын тухай хуулиасаа харж чадаагүй зүйлээ, харсан ч хүсэхгүй буй зүйл байвал өөд өөдөөсөө харж байгаад засъя л даа. Нэг хэсэг нь ордон дотор суугаад, нөгөө хэсэг нь хүйтэн цемент дээр суугаад, нэг нь бичгээ өгдөг, нөгөөх нь аваад тогтоол болгоод явдаг зүйл 30 жил үргэлжиллээ. Нийгмийн байдал, амьдралын түвшин бүх зүйл болохгүй болоод жагсагчид сонсгол дээр үгээ хэлж байна шүү дээ. Раднаасэд гишүүний хэлсэн шиг авлигалдаа идэгдсэн Азийн 0 улс болчихлоо шүү дээ. Төмөр замтай холбоотой асуудлууд ч гарч ирж байна.
Тэгэхээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр хоёр талаасаа л гарч ирье. Болохгүй байгаа зүйлүүдээ ярья. Гишүүдийн тавьж байгаа зүйлүүдийг нэг бүрчлэн ярья. Ерөнхий сонсгол дээр хамгийн их хэлж буй иргэдийн үг бол парламентаа тараая гэж байна. Парламентынхаа функцыг бид аваад үлдэх ёстой. Үүнд хүрч болохгүй. Харин хууль батлах эрх байгаа бол бүх хуулиудаа үндсээр нь хараад шийдвэл яасан юм бэ.
ШИНЭ МЭДЭЭ
Монголын Тогтвортой Санхүүгийн Форум боллоо
2024.12.02
Төрийн албаны зөвлөлийн гишүүдтэй уулзав
2024.08.21
УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2024.08.15