МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.01.19
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Э.Батшугар: Зөрчилтэй контентыг хянан шийдвэрлэх хугацаа их байна

УИХ-ын /2023,01,19/-ны өдрийн ээлжит чуулганаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Э.Батшугар:

Цахим гэмт хэрэг их хөгжиж байна. 2021 оны датагаар дэлхий даяар 7 триллион долларын цахим гэмт хэрэг үйлдсэн. 7 триллион доллар гэдэг Герман болон Япон улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийг нийлүүлсэнтэй адилхан тоо. Монгол улсад өнөөдрийн байдлаар 19 тэрбум төгрөг гэж ярьж байна. Энэ бол зүгээр эхлэл шүү. Санхүүгийн гэмт хэргээс гадна садар самуун сурталчлах, сошиал бүлл хийх гэх мэт маш их хэрэг гарч байгаа юм. Үүнийг мөнгөөр хэмжих боломжгүй.

Монгол улсын интернет идэвхтэй хэрэглэгчид 70 хувьтай байна. Дийлэнх нь мобайл банк ашиглаж байна. Энэ нь цахим санхүүгийн гэмт хэрэгт өртөх эмзэг байдал нь харагдаад байгаа юм. Мөн гадаадын тусгай алба сошиал медиаг ашиглаж өөрсдийнхөө улс орны үзэл бодлыг илэрхийлж нөлөөлдөг нь нууц биш ээ. Дэлхий даяар маш их гарч буй үзэгдэл.

Мөн та бүхний мэдэж байгаа Кембриж аналитик гээд компани байсан. 2018 онд татан буугдаад, удирдлагууд нь бүгд шоронд орсон. Уг компани Англи улсад бүртгэлтэй буюу шууд гадаадын бусад улсын сонгуульд мөнгөөр нөлөөлдөг компани байсан. Тэгэхээр энэ хуулийг цаг үеэ олсон гэж харж байгаа юм.

 7.1.7-д зөрчилтэй контент илэрсэн үед 7 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ гэжээ. 7 хоног гэдэг чинь харьцангуй их тоо биш үү. Яагаад гэвэл олон дагагчтай хуудас дээр тодорхой хэмжээний сошиал бүлл гэх мэтчилэн контент гарахад олон хүн хуваалцаж үздэг. 7 хоногийн дотор засна гэхээр хэдэн мянган хүн үзчихсэн зүйлийг эргэж засахад хүндрэлтэй биш үү. Ялангуяа хүний эрхийн асуудал бол эмзэг.

Бодит кейс ярья. Миний таньдаг хүний 10 жилийн охиныг ангийхан нь бүлл хийж фэйсбүүк дээр зургийг нь тавиад биеэ үнэлдэг гэжээ. Үүнийг устгуулсаар байгаад хоног алдаад сургууль даяар буруу ойлголт үүссэн. Тиймээс тэр охин сургуулиа солихоос өөр аргагүй болсон.

Ямар нэгэн асуудал гарахаас өмнө урьдчилан сэргийлэх нь чухал байдаг. үүнтэй холбогдуулан садар самуун, хүн гүтгэх, хүний эрхэд халдсан контент гарахаас урьдчилан сэргийлэх нь зүйтэй. Троллоос урьдчилан сэргийлээд болиулах эсвэл нэг хүн дээр үүсгэсэн хаяг устгах бололцоо, боломж нь эл хууль батлагдснаар гарах вэ?

 Түүний асуултад ЦХХХЯ-ны сайд Н.Учрал хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ