МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Иргэд цахимаар санал гаргаж УИХ-аар хэлэлцүүлэх журмыг баталлаа
2023.01.20
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Иргэд цахимаар санал гаргаж УИХ-аар хэлэлцүүлэх журмыг баталлаа

2022 оны долдугаар сарын 5-ны өдөр УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Монгол Улсын иргэн цахим шийдлүүдийг ашиглан улс орны бодлогын чанартай тодорхой асуудлаар санал гаргаж, олон нийтийн дэмжлэгийг авбал ажлын хэсэг байгуулах, хяналт шалгалт явуулах, УИХ-аар хэлэлцүүлэх боломжтой болсон.

Харин иргэдээс хэрхэн санал авах журмыг Инновац, цахим бодлогын байнгын хороо батлахаар заасан бөгөөд байнгын хорооны өнөөдрийн /2023.01.18/ хуралдаанаар Цахим систем ашиглан иргэдийн оролцоог хангах, санал авах нарийвчилсан журмыг баталлаа.

“D-Parliament” системийн цахим хуудас, гар утасны аппликэйшнээр дамжуулан иргэний гаргасан санал эхний шатанд 100 хүний дэмжлэг авбал системд 30 хоногийн хугацаанд байршуулах бөгөөд энэ хугацаанд:

  • 33,000 санал авбал ажлын хэсэг байгуулна.
  • 70,000 санал авбал байнгын хорооны хүрээнд хяналт шалгалт явуулна.
  • 100,000 санал авбал УИХ-аар асуудлыг хэлэлцэх юм. Мөн иргэд давхардсан санал өгөх, хуурамч хаяг ашиглах боломжгүй байхаар зохицууллаа.
Цахим систем ашиглан иргэдийн оролцоог хангах, санал авах нарийвчилсан журам батлагдсанаар төр засгийн бодлогод олон нийтийн саналыг тусгах бодит шийдэл, парламентын ардчиллыг бэхжүүлэх чухал алхам болж байна.

ШИНЭ МЭДЭЭ