МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Орон нутагт боловсон хүчний асуудал тулгамдаж байгааг онцлов
2023.01.26
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Орон нутагт боловсон хүчний асуудал тулгамдаж байгааг онцлов

Улсын Их Хурлын Чуулган завсарласантай холбоотой УИХ-ын гишүүн Ц.Идэрбат тойрогтоо ажиллаж байгаа билээ.

Тэрээр "Эргэх холбоо-63" хөтөлбөрийн хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ус, цаг уур орчны шинжилгээний алба, Хэрлэн голын сав газрын захиргаа, Хүнс хөдөө аж ахуйн газар, Татварын хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, аймгийн Музей, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Боловсрол, шинжлэх ухааны газар, Насан туршийн боловсролын төв, Соёл урлагийн газар, Биеийн тамир, спортын газар, Номын сан, Хан Хэнтий чуулга зэрэг төрийн 14 байгууллагын 400 гаруй төрийн албан хаагчидтай уулзав.

Уулзалтаар байгууллагуудаа төлөөлж 14 хүн давхардсан тоогоор 37 санал хэлж, асуудал дэвшүүллээ.
Тоймолбол, орон нутгийн цалингийн нэмэгдэл, Төрийн хэмнэлтийн тухай хуультай холбогдсон хязгаарлалт орон нутагт төрийн байгууллагууд өдөр тутмын үйл ажиллагаа явуулахад хүндрэл учруулж байгаа тухай /томилолт, холбооны зардал, урсгал зардал хасагдсан/, төрийн үйлчилгээний байгууллагын цалингаас шалтгаалж мэргэжлийн боловсон хүчний хомсдолд орох болсон, төрийн байгууллагын ажилтнуудын нийгмийн асуудал тулгамдсан учраас төрийн албан хаагчдын орон сууцны асуудалд нэгдсэн зохицуулалт бодлого чухлыг тэмдэглэв.

Үүнээс онцолбол аймгийн ХХААГ-ын дарга Ж.Энх-Амгалан: Төрийн хэмнэлтийн тухай хуулиар ХХААГ-ын ажилтан, албан хаагчдын сард явах шатахууны зардал 155 мянган төгрөг батлагдсан. Цагийн байдал хүндэрсэн, цас зуд нүүрлэсэн энэ үед нэг сум ороод ирэх зардал. Хэдийгээр цахимжсан зохицуулалт хийж болох ч газар дээр нь танилцах асуудал гардаг. Сумдад боловсон хүчний дутагдал үнэхээр асуудалтай байна үүн дээр зохицуулалт хэрэгтэй гэв.

Татварын хэлтсийн дарга А.Гантөмөр: Орон нутгийн цалингийн нэмэгдэл салбарын сайдаасаа шалтгаалж харилцан адилгүй байна. Төрийн үйлчилгээний ажилтнуудын 20 хувийн нэмэгдэл огт байхгүй. Босоо удирдлагатай байгууллагуудад нэмэгдэл ороогүй. Төрийн албаны тухай хуультай холбогдуулан 7 суманд татварын байцаагчийн орон тоо дутуу. Төрийн албан хаагчдад холбооны зардлын дэмжлэг үзүүлэхийг хэмнэлтийн хуулиараа хориглосон. Манай байцаагчид ААН, байгууллага, хувь хүний орлогын албан татвар гээд 48000 иргэний хувь хүний орлогын албан татварыг гаргуулж хувилж авах үүрэгтэй.

Төрийн ч бай, ААН ч бай интернэтийн асуудалтай байдаг. Байцаагч нар гар утаснаасаа интернэт цацаж 40-50 мянган төгрөгийн зардал хувиасаа гаргаж байна. Малчдаас малын тоо толгойн албан татвар гээд хөрөнгийн татварууд авдаг. Орон нутагт ажиллахад нэг суманд нэг хүн ажиллах боломжгүйгээр томилолтын зардал баталсан. Нэг хүн нэг хоногт 64 мянган төгрөгийн томилолттой байсан бол нэг хүн нэг сард 50 мянган төгрөгийн томилолтын зардалтай болж байна. Дээр нь сард 25 литр шатахууны зардал баталж өгч байна. Байцаагчгүй 7 сумандаа хэрхэн ажиллах вэ. Бичиг цаас, холбоо, шатахуун хаслаа. Бид яаж ажиллах вэ. Энэ мэт асуудлыг эргэж хараасай гэв.

Соёл, урлагийн газрын дарга Т.Зулбаатар: Соёл урлагийн боловсон хүчин дутагдалтай байгаа шалтгаан нь 7 сая гаруй төгрөгийн төлбөртэй СУИС-д мэргэжил эзэмшээд  700 хүрэхгүй мянган төгрөгийн цалинтай орон нутгийн байгууллагад ажиллах залуу боловсон хүчин байхгүй байна. Үүн дээр нэгдсэн бодлогоор анхаарч, орон нутгийн соёл урлагийн ажилтны цалинд анхаарах ёстойг хэллээ.

Биеийн тамир, спортын газрын Захиргаа, удирдлагын албаны дарга Г.Солонго: Биеийн тамир, спортын газрын бүтэц одоо болтол батлагдаагүй, тодорхойгүй байна. Амжилт үзүүлж байгаа өсвөрийн шигшээ багийн багш дасгалжуулагчдыг үндсэн ажилтнаар авах, үндсэн ажилтан болгох саналыг салбарын сайдад уламжилж өгөхийг хүслээ.

Өнөөдрийн уулзалтуудад орон нутгийн удирдлагыг төлөөлж аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан, аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга С.Нямдаваа, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Өнөрцэцэг нар оролцов.

ШИНЭ МЭДЭЭ