МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ц.Идэрбат: Хэнтийд түүхэн аялалыг хөгжүүлэх тул ихийг төсөвлөдөг
2023.10.18
Орон нутгийн хөгжил

Ц.Идэрбат: Хэнтийд түүхэн аялалыг хөгжүүлэх тул ихийг төсөвлөдөг

УИХ-ын гишүүн Ц.Идэрбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Ярилцлагаа цаг үеийн асуудлаар эхлүүлье гэж бодлоо. Хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг байнгын хороогоор хэлэлцэж байна. Ер нь Монгол Улс хүүхэд хамгаалал чиглэлийн эрх зүйн орчныг сайжруулах шаардлага бий юу?

-Хүүхэд хамгааллын хууль манайд байсан. Гэхдээ өнгөрсөн хугацаанд гарч буй кейсыг харахад хуулийг өөрчлөх зайлшгүй өөрчлөх шаардлага байна. Нэмэлт өөрчлөлт биш шинэчилсэн найруулгын төсөл орж ирж байнгын хороонд танилцуулагдлаа. Эндээс олон зүйлийг харж болохоор байна. Хуулийн шинэчилсэн найруулга хийхдээ гадна дотнын судалгааг хийж, хүүхдүүдийн дунд судалгаа хийсэн юм байна. Нэлээд консепцийн өөрчлөлт орж ирсэн байна. Нэгдүгээрт, эцэг эхийн хараа хяналт, үүргийг тусгаж өгөх ёстой.

Хүүхэд эрэгнээс төрөөгүй шүү дээ. Нөгөө талдаа, Монгол Улсын иргэн хуулиараа хамгаалагдах ёстой. Энэ болгоныг зөв гаргахгүй бол олон кейс гарахад эцэг, эхчүүд хариуцлага хүлээсэн нь цөөхөн байна. Жишээ нь Зөрчлийн хуулиар улсын хэмжээнд найм байгаа бол эцэг эх байх эрхээ хасуулсан хоёр кейс байна. Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээсэн тохиолдолд байхгүй байгаа. Эндээс юу харагдаж байна уу гэхээр эцэг эхийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх ёстой. НҮБ-ын Хүүхдийн сангаас одоо мөрдөгдөж байгаа хуульд олон хийдэл байгааг 2021 онд  тодорхой гаргаж өгсөн.  Тиймээс бодит байдалд үнэлэлт дүгнэлт өгсөн чамбай хууль гаргаж ирсэн  гэж харж байгаа.

-Олон нийтийн зүгээс  нийгмийг цочросоон гэмт хэрэг гарахад гишүүдээс эрх зүйн орчныг сайжруулахыг шахаж шаарддаг. Тиймээс нэг кейс гарсны дараа шуугих биш эрх зүйн орчин, төсөв мөнгө, камержуулах системийг урьдчилаад шийдэх ёстой байсан юм биш үү. Ялангуяа энэ чиглэлд эрэгтэй гишүүдийн манлайлал дутмаг санагддаг?

-Хүүхдийн асуудалд эр, эм хөгшин залуу гэж ялгах хэрэггүй. Монгол Улсын төрийн асуудал. Эмэгтэй гишүүдийг үгээ хэлээч гэж хүмүүс дуугарч байсан. Гэхдээ энэ хэд ч бас УИХ-д дуугай суугаагүй. Төсөв хөрөнгө нь ийм байна гэж хэлээд хуулийн төсөлд тусгуулаад явж байгаа.  Ер нь бидэнд хууль дүрэм байхгүй биш байгаа. Би өөрөө сумын, аймгийн засаг даргаар ажиллаж, хамтарсан багийг ахалж байсан хүний хувьд анхан шатан дээрээ хууль дүрмийг хэрэгжүүлэхэд олон хүндрэл байгааг хэлдэг.

Бидэнд хүчирхийллийг бууруулахад хоёр том суваг байна. Нэгдүгээрт, Монгол Улсын засаг захиргааны нэгжийн хуваарилалт буюу сум, аймаг, баг хороогоор хянах бололцоо бий. Тэрэн дээр ажиллах хүнийг яг чиг үүргийг нь тодорхой болгож, санхүүжилтийг нь тавиад ажиллуулахад нэг том ахиц гарна. Одоо байгаа баг дээрх нийгмийн ажилтан хүүхэд гэхээсээ илүүтэй хөгжлийн бэрхшээлтэй, халамж шаардлагатай иргэдэд дарагдчихаад байдаг их зовлонтой. Тэгээд кейс гарахаар л гарж ирдэг. Угтаа,  кейс гарахаас урьтаж явах ёстой.

-Анхан шатуудад ямар байдлаар хүүхэд хамгааллыг эрчимжүүлэх ёстой юм бэ?

-Нөгөө талдаа сургуулийн орчныг хянах ёстой.  Монгол Улсын боловсролын системыг би хувьдаа сайн гэж боддог. Хүүхдийн сургуулийн хамрагдалт 90 гаруй хувьтай байна. Ийм байхад тухайн хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй хүүхдийг сургуулийн нийгмийн ажилтан, анги удирдсан багшаар нь дамжуулж хүчирхийллийн орчинд байгаа эсэхийг хянах боломжтой. Сургуулийн орчинд ажиллаж буй нийгмийн ажилтан, багш нартай хамтарч ажиллаад хариуцсан нийгмийн ажилтан тавьж өгвөл сургуулийн орчноос гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байна уу,  үгүй юуг хянах боломжтой. Энэ хоёр механизм зэрэг ажиллавал хүчирхийлэл гарахгүй байх бүрэн бололцоотой. 

Гуравдугаарт, тэгж ажиллана гэж заачихсан хэр нь санхүүжилт байдаггүй. Хамтарсан багт зориулсан төсвийг орон нутгаас гаргах боломж бий. Би сумын даргаар ажиллаж байхдаа нэг багт 500 мянган төгрөг тавьж төсвийн хуулийн дагуу ашиглаарай гэдэг байлаа.  Энэ нь тухайн багт ажиллаж байгаа хүмүүсийн ажлаа саадгүй явуулахад дэм болдог юм билээ. Адаглаад 10 литр бензин хийлгэчхээд кейсээ тойроод явчихдаг. Нэг хүүхэд хэцүү байдалд орлоо гэхэд зөөх машин унаанаас авхуулаад их юм байдаг. Тэгэхээр, хуулийн үзэл баримтлал талаасаа чамбай болсон байна. Одоо хөдөлгөх механизм буюу санхүүгээ тавьж өгөхгүй бол эдийн засгийн суурьгүй шийдвэр, хуулийн хэрэгжилт амьдрал дээр явахгүй.

Санхүүжилтийн эх үүсвэр хаана байгааг хуульдаа тодорхой заагаад өгчихвөл боломжтой гэж харж байна.

           “ТӨСӨВ ЯРИГДАХ БҮРТ ХЭНТИЙД ӨНДӨР ТӨСӨВ ТАВИЛАА ГЭЖ ЯРИХАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ”

-Ярилцлагынхаа сэдвээ жаахан өөрчилье. Та төсөвтэй танилцаж амжив уу. Ер нь Хэнтий аймгийн төсөв жил бүр бусад аймгийн төсөвтэй харьцуулахад өндөр байгааг эдийн засагчид, олон нийт шүүмжилдэг. Танай аймагт яагаад жил бүр өндөр төсөв тавигдаад байдаг юм бэ?

-Төсөвтэй танилцаж байгаа. Ер нь тамын тогооны үлгэр гэж хардаг. Боломжтой зүйлээ явуулах гэхээр татаж чангаагаад Хэнтий аймгийн төсөв яагаад өндөр тавигддаг вэ гэдэг. Төсвийнх нь зураглалыг та бүхэн харах хэрэгтэй. Хэнтийд юу тавигдаад байгаа юм талаас нь. Үндсэндээ, Монгол Улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой. Монгол Улсад уурхайн салбар төсвийн нийт орлогын 90 хувийг бүрдүүлдэг. Хөдөө аж ахуйн орлого таван хувийг бүрдүүлдэг. Гуравдах эх үүсвэр нь аялал жуулчлал байх ёстой. Аялал жуулчлалын хүрээнд Хөвсгөлийг байгалийн аялал жуулчлал, Улаанбаатарын төвийг соёлын аялал жуулчлал, Хэнтий аймгийн төвийг түүхэн аялал жуулчлал гэж хуваасан.

Өөрөөр хэлбэл, аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд гарсан шийдвэрийг амьдралд хэрэгжүүлж байгаа юм. Хэнтий аймагт төсөв их тавигдаад байгаа гол шалтгаан түүхэн аялал жуулчлалын бүс нутгуудыг хөгжүүлж, жуулчдыг татах хөрөнгө нь аймагт тавигдсан төсвийн 70-аад хувь нь.

Мэдээж, 80 мянган хүн амьдарч байгаа нутагт сургууль, эмнэлэг хэрэгцээтэй байгаа. Үүнийг Хэнтийнх гэж яриад байдаг юм. Цаашилбал, танай аймаг хөгжөөд, манайх хөгжихгүй байна гэдэг байдлаар хандмааргүй байна. Тэнд түүхэн аялал жуулчлал хөгжиж, арав гаруй сая Монгол туургатан эзэн Чингисийн нутагт очвол эдийн засагт хэрэгтэй. Жишээ нь Дарханы замыг Дархан руу зам тавиад байна гэж уурлах юм уу? Монгол Улсыг бүхлээр нь хараад хөгжүүлэх бодлого явж буй болохоос зөвхөн Хэнтий гээгүй. Үүнийг зөв ойлгуулаасай гэж сэтгүүлчдээс хүсдэг юм.

Төсөв яригдах болгонд Хэнтий аймаг гээд тал талх зурдагаа болих хэрэгтэй. Одоогоор Хэнтий аймгийг аялал жуулчлалын бүс нутаг болгох, дэд бүтцийн асуудалд нэлээд сайн шийдэгдээд явж байгаа. Нэг онигоо байдаг шүү дээ. Япон жуулчин Улаанбаатарт ирээд 400 км шороон замаар давхиад очсон чинь ийм юм үзүүлэх гээд байгаа юм уу гээд уйлсан гэдэг. Тийм хэвээр байвал аялал жуулчлал хөгжихгүй юм билээ. Зам харгуй, дундын жорлон хамаг юмыг нь шийдэж байж аялал жуулчлал хөгжинө.

Хэнтий аймгийн онцлог бол Монголын эзэнт гүрэнтэй холбоотой Монгол туургатнууд очихыг хүсдэг тийм газрууд их байдаг. Жишээ нь 1189 онд Хар зүрхний хөх нуурт Чингис хаанд өргөмжилж, хамаг Монголын хаанд өргөмжилсөн. Биндэр суманд Их Монгол Улсыг байгуулсан байх жишээтэй. Тийшээ гадна, дотны жуулчид очихыг хүсдэг. Тийшээ чиглэсэн төрийн бодлого явж буй болохоос биш Хэнтий аймгаас сонгогдсон гишүүд, дарга нар гэдэг утгаараа байхгүй шүү дээ.

-Жуулчид зориулж хөгжүүлж байгаа гэлээ. Яг ямар бүтээн байгуулалтууд өрнөж байгаа юм бол?

-Жуулчдын шаардлага өндөр болчихсон зам дэд бүтэцтэй байх ёстой гэдэг. Энэ жил тойрогтоо ажиллахдаа Дадал сумынхантай уулзахад надад нааштай мэдээ дуулгасан. Юу гэхээр жилдээ 100 гаруй мянган дотооддын жуулчин очдог бол энэ жил урсгал татраагүй, гадаадын жуулчид нэлээд харагддаг болсон гэдэг зүйлийг хэлж байна лээ. Нөгөө талаасаа орон нутгийнхан жуулчдад үзүүлэх үйлчилгээнд анхаардаг болсон байна.

Энэ бол сайн үзүүлэлт. Хэдэн жилийн дараа Хархорум хот байгуулагдвал жуулчид очдог болно. Энэ Монгол Улсын эдийн засагт гурав дахь том тулгуур болох аялал жуулчлалын хөгжүүлэх агуулга. Тиймээс Хэнтий аймаг дээр тавигдаад байгаа төсөв мөнгөтэй холбоотой асуудал дээр та бүхэн нэг хараасай. Хэрлэн аймгийн гүүр бий. Тэр гүүр гурван аймгийг холбосон. Хэзээ мөдгүй нурахыг би мэдэхгүй. Нурвал яах юм хөвдөг гүүр тавих юм уу. Жишээ нь Кембриджийн сургалт гэдэг ч юм уу. Зүүн гурван аймгаас хүүхдүүд маш их очиж байна. Түүнийг Хэнтийнх гэж үзэх үү. Явагдаж буй замуудыг Хэнтийнх гэж үзэх үү. Аялал жуулчлалын зам гэж үзэх юм уу. Яах вэ сонгууль дөхөж байгаа биз.

Миний бодлоор Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлөлттэй төсөв уялдаж байна уу үгүй юу гэдгийг харах ёстой байх.

-Танай аймгийн төсөв аялал жуулчлалд зориулсан юм байна. Тэгвэл улсын төсвийг та юу гэж дүгнэж байна вэ. Эдийн засагчдын зүгээс төсвийн зарлагыг таван их наядаар тэлснийг шүүмжилж байна. Зарим нь сонгуульд зориулсан төсөв гэцгээж байгаа?

-Төсвийн алдагдлыг хоёр их наядын алдагдалтай гэж ярьж байна. Төсөв тэлж байна. Ер нь Монгол Улсын эдийн засгийн үр өгөөж нэмэгдэж, төсвийн орлого нэмэгдэж байгаа. Мөн гадаад талдаа ч бас нааштай зүйл ажиглагдаж буй учраас Сангийн яам, Эдийн засаг хөгжлийн яам төсвийг өөдрөгөөр төсөөлсөн гэж бодож байна. Төсвийн дийлэнх орлогыг бүрдүүлдэг нүүрсийг 60 сая тонныг борлуулна гэж байгаа. Одоогоор 50 гаруй сая тоннтой явж байгаа юм билээ. Тээвэр логистик нэмэгдээд гацахгүй, явбал 60 сая тонн гаргах бололцоотой гэх мэт нүүрс, зэс, алтны үнийг олон улсын судалгаанд тулгуурлаж тавьж байгаа юм байна.

Түүнчлэн, орон нутагт Ерөнхий сайд ажилласантай холбогдуулаад хот хөдөөгийн ялгаа, Улаанбаатарын төвлөрлийг арилгахад хүн амын төвлөрлийг сааруулах чухал юм билээ. Энд байгаа хүмүүс орон нутагт явж амьдрахад Улаанбаатараас дутахааргүй нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Тиймээс орон нутгийн дэд бүтцийн асуудлыг сайн шийдэж байгаа учраас төсөв тэлж байгаа. Үүнийг би зөв гэж бодож байна.

ШИНЭ МЭДЭЭ