НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Томуу, томуу төст өвчний халдвар нэмэгдэх магадлалтай тул амны хаалт тогтмол зүүхийг уриаллаа
2023.01.30
Улстөр

Томуу, томуу төст өвчний халдвар нэмэгдэх магадлалтай тул амны хаалт тогтмол зүүхийг уриаллаа

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан явуулав.

Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 22 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 83.6 хувьтай байжээ. Тухайлбал, зуслангийн бүсийн орц гарц, хашаа, хайс, нүхэн жорлон зэргийг цэгцлэх ажлуудын бэлтгэлийг сайтар хангах үүрэг өгсөн. Үүнтэй холбоотойгоор барилга, байгууламж, байгаль орчин, хог хаягдал зэрэг гурван чиглэлийн найман арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулж, холбогдох байгууллагуудаас суурь судалгааг авч, нэгтгэх ажлыг хийж байна.

Мөн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зорилгоор саарал усны шинэ технологийг нэвтрүүлэх, /Hybrid/ автомашины баттерей, моторын тос, тосол, аюултай хог хаягдлын талаар цаашид авч хэрэгжүүлэх санал боловсруулж танилцуулахыг үүрэг болгосон юм. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас автомашины баттерей, моторын тос, тосол дахин боловсруулдаг байгууллагуудад хяналт шалгалт хийхээр удирдамжийг боловсруулж байна. Түүнчлэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний бэлтгэл ажлыг шуурхай зохион байгуулах хүрээнд газар олголтын асуудлыг шийдвэрлэн, газрын гэрчилгээ олгох, гэрээ байгуулах, нөхөх олговортойгоор газар чөлөөлөх, чөлөөлсөн газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгэж авах зэрэг бэлтгэл ажлыг сайтар хангахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд 28 ажлын 773 нэгж талбарыг чөлөөлөхөөр төлөвлөжээ.

Автомашины нүүрсэн яндан хулгайлдаг 45 хүнийг баривчилжээ

Гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг НЦУГ-ын дэд бөгөөд Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Сугаржав танилцуулав. Тэрбээр “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 13,940 гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногоос 8.3 хувиар буурсан үзүүлэлт. Гэмт хэргийн шинжтэй 2714 гомдол, мэдээлэл хүлээж авсан нь 4.2 хувиар буурсан. Хүний амь хохирсон дуудлага, мэдээлэл 17.1 хувиар өссөн байна. Хулгайлах, залилах гэмт хэргийн дуудлага мөн өссөн. Дээрх хугацаанд 7692 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 3.7 дахин өссөн үзүүлэлт. Эргүүл, хяналт шалгалтын үйл ажиллагааг эрчимжүүлсэнтэй холбоотойгоор зөрчлийн илрүүлэлт сайжирсан. Зөрчил гаргасан 7327 хүнд торгуулийн арга хэмжээ авч, 750 хүнийг эрүүлжүүллээ. 14 хоногийн хугацаанд 803 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 17.6 хувиар буурсан” хэмээв.

Сүүлийн гурван жилийн хугацаанд приус маркийн автомашины нүүрсэн яндан алдагдсан 234 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар ийм 21 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 17-г нь илрүүлж, нүүрсэн яндан хулгайлдаг дөрвөн бүлгийн 45 хүнийг баривчилжээ. Нүүрсэн яндангүй тээврийн хэрэгсэл нь яндантай тээврийн хэрэгслээс нүүрстөрөгчийн дутуу ислийг 4.5 дахин их хэмжээгээр ялгаруулж байгаа нь тогтоогдсон байна. Иймд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн НЦУГ-ыг Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газартай хамтран холбогдох арга хэмжээг авч, шийдвэрлэхийг үүрэг болгов.

Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр дүүргүүдэд үлгэр жишээ болохуйц ажлыг Чингэлтэй дүүргийн нэг, хоёр, гурав, 12 дугаар хороонд хийж, Ногоон бүсийг бий болгожээ. Ингэснээр тухайн бүсэд гарсан гэмт хэрэг, дуудлагын мэдээлэл 40.3, халаасны  хулгайн гэмт хэрэг 18.3, танхайрах, олон нийтийн амгалан, тайван байдлыг алдагдуулах зөрчил 69.8 хувиар тус тус буурсан, гэмт хэргийн илрүүлэлт 40 хувиар өссөн эерэг үзүүлэлт байгааг дурдсан юм. Дээрх бүсийн 225 байршилд 553 камер байршуулжээ.

Зайсангийн замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулсан нь эерэг үр дүнтэй байна

Тээврийн цагдаагийн албаны дэд бөгөөд Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баасанжав “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 181 хяналтын цэгт давхардсан тоогоор 496 алба хаагч ажиллаж, 41,801 зөрчил илрүүлсэн. Харин хяналтын камераар 24,554 зөрчил илрүүллээ. Зам тээврийн ослын дуудлага 3187 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 0.9 хувиар буурсан үзүүлэлт. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 551 зөрчил илрүүлснээс 11 нь осол гаргасан. Зам тээврийн ослын дуудлага өмнөх оны мөн үеэс буурсан” гэлээ.

Мөн ослын улмаас  нас барсан хүн болон эд материалын хохирол буурсан ч гэмтсэн хүний тоо өсжээ. Зайсан толгойн авто замын хөдөлгөөнд нэгдүгээр сарын 21-нээс өөрчлөлт оруулж, зохион байгуулалтын арга хэмжээ авснаар замын хөдөлгөөний хурд өнгөрсөн долоо хоногийн даваа гарагийн 07:00-08:00 цагийн хооронд 44, 12:00-13:00 цагийн хооронд 16, 17:00-18:00 цагийн хооронд 84 хувиар нэмэгдсэн эерэг үзүүлэлт гарсан байна. Түүнчлэн ерөнхий боловсролын сургууль эхэлсэн болон Сар шинийн баяр болох гэж буйтай холбоотойгоор замын хөдөлгөөний эрчим нэмэгджээ.

А.Дашням: Шар усны үерээс урьдчилан сэргийлж ажиллах шаардлагатай байна

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням “Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 16-29-нд Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 56, аврах ажиллагааны зургаа, нийт 62 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн. Дээрх хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 78 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл ослоос дөрвөн иргэнийг аварч, 3.1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажиллалаа. Он гарснаас хойш өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 221, аврах ажиллагааны 33, малын гоц халдварт өвчин нэг, нийт 255 удаагийн дуудлагатай байгаа. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийн нийт дуудлагатай харьцуулахад 6.9 хувиар буурсан үзүүлэлт. Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо Сэлбэ голын дагуу мөсний халиа үүсэж, тухайн орчинд амьдардаг 13 айлын хашаа руу хальж, мөстсөн нөхцөл байдал үүссэнийг тус дүүргийн Онцгой комиссоос шаардлагатай арга хэмжээг авчлаа. Ус орж болзошгүй айлуудын хашаанд тулган шороон далан босгож иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажилласан” хэмээн ярьсан. Мөн шар усны үерээс урьдчилан сэргийлж ажиллах шаардлагатай байгааг онцолж байлаа.

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд өнгөрсөн долоо хоногийн хугацаанд холбогдох байгууллагууд хамтран, нийт 656 албан хаагч, 119 автомашин 35 морьтойгоор ажиллаж, нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 8082 толгой адууг гаргаж, адуучдын төлөөлөл 18 малчинтай уулзан, санал хүсэлтийг авч, 292 албан мэдэгдэл өгч ажиллажээ.

Нийслэлд 2000 оноос өмнө барьсан 1844 барилга байна

Барилга, байгууламжийг хүчитгэх, бэхлэх эрх зүйн орчны бүрдүүлэх журам боловсруулах, Нийслэл, дүүргийн хаягийн мэдээллийн сангаар зэрэгцүүлэн хаягийн мэдээлэл үүсгэх, холбогдох стандартын дагуу хаягжуулах, тэмдэг, тэмдэглэгээг байршуулах ажлын талаар Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга мэдээлэл өгөв. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд 2000 оноос өмнө барьсан 1844 барилга байгаа. Үүнээс 898 барилгад газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварын үнэлгээ хийхэд 188 барилга хүчитгэх шаардлагатай гэж дүгнэлт гарсан. Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гаас Монгол Улсын гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа. Төслийн хоёрдугаар үе шатны ажил эхэлсэн. Төслийн хүрээнд гурван Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсэг барилга, байгууламжийг хүчитгэх, бэхлэх ажлын эрх зүйн орчныг бий болгох, барилгын зураг төслийг бий болгох, хүчитгэх ажлыг зохион байгуулах гэсэн гурван арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа.

Мөн манай газар Хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэлтэй 28,971 барилга, гудамж, талбайн нэршил, зип кодын мэдээллийг тоон байдлаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт хүргүүлсэн. Хаягийн мэдээллийг системд хөрвүүлэх ажил 80 хувьтай байна” гэв.

Хүүхдийн нэг эмчид ногдох ачаалал ердийн үеэс 1.5-2 дахин их байна

Эрүүл мэндийн салбарын цаг үеийн нөхцөл байдал, эмийн сангуудын эмийн нөөц, хүрэлцээ хангамжийн талаар НЭМГ-ын Чанарын удирдлага, аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Энхжаргал “Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин 10 мянган хүнд 63.1 байгаа нь алаг цоог дэгдэлтийн түвшинд байна гэсэн үг. Нийт өвчлөгсдийн дунд 0-1 насны хүүхэд 21, 2-4 насныхан 24 хувь, 5-9 насныхан 13.4, 10-15 насныхан 6.2 хувьтай байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногоос 3.8 хувиар буурсан үзүүлэлт хэдий ч хүндрэл их байгаа. Нийслэлийн хэмжээнд үндсэн 835 орон дээр 404 орыг нэмэлтээр ажиллуулж байна. Мөн төрөлжсөн зургаан эмнэлэгт үндсэн 726 ор дээр нэмэлтээр 226 орыг дэлгэсэн. Томуугийн амбулаторийн цагийг ажлын өдрүүдэд оройн 17:00-21:00,  бямба гарагт 11:00-18:00 цаг болгож, уртасгасан цагаар ажиллуулж байна. Мөн хүлээн авах тасагт нэмэлтээр 21:00, ид ачааллын үед 00:00 цаг хүртэл өрхийн эмч, амбулаторийн эмчээ ажиллуулж байгаа. Хүүхдийн нэг эмчид ногдох ачаалал ердийн үеэс 1.5-2, сувилагчийнх хоёр дахин их байна” гэлээ.

Хэдий одоо томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог байгаа ч цаашид дэгдэлт нэмэгдэх магадлалтай. Иймээс олон нийтийн газар амны хаалт зүүх хэрэгтэйг ч сануулж, уриалсан юм. Ковидын дэгдэлт харьцангуй гайгүй байгаа ч бэлэн байдлыг хангаж, эмнэлгүүдэд эмийн гурван сарын нөөцийг бэлтгэжээ.

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх сургуулилтыг зохион байгуулна

Нийслэлийн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх стратегийн команд штабын дадлага сургуулилтын талаар Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр мэдээлэл өгөв. Тэрбээр “Улаанбаатар хотод томоохон хэмжээний газар хөдлөлт болсон тохиолдолд бэлтгэл ажил ямар байгааг шалгах үзүүлэх сургуулилалтыг тавдугаар сарын 24-26-нд зохион байгуулна. Гуравдугаар сард зохион байгуулдаг байсан Газар хөдлөлтийн зарлан мэдээллийн дохиогоор ажиллах цугларах дадлага, сургуулилтыг энэ удаа хийхгүй. Сургуулилалтын үр дүнг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулна” гэлээ.  Газар хөдлөлтийн үед холбогдох байгууллагууд ямар чадавхтай байгааг тодорхойлж гаргаж ирэх нь энэхүү сургуулилалтын гол зорилго аж.

Золбин нохой, муурын устгалын аргыг өөрчлөх шаардлагатай байна

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа “Золбин нохой, муур олон болж байна. Үүнд анхаарал хандуулахгүй бол болохгүй нь. Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор арга хэмжээ зайлшгүй авах шаардлагатай байна” хэмээсэн. Мөн дүүргийн Засаг дарга нар үүнтэй санал нэг байсан бөгөөд золбин нохой, муурын устгалын аргыг өөрчлөх шаардлагатай байгааг онцолж байлаа.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Нэг хэсэг мөнгөний асуудалтай холбоотойгоор нохой устгалын ажил зогссон байсныг сэргээсэн. Нэг нохой устгах зардал 12 мянган төгрөгийг 16 мянган төгрөг болгох саналыг холбогдох байгууллагаас илрүүлсэн. Нийслэлийн хэмжээнд дөрвөн компани нохой устгадаг. Цаашид Цагаан даваанд нохойг унтуулдаг үйлдвэр байгуулахаар ажиллаж байна. Буу барьж нохой устгах нь зохисгүй болоод байна” гэлээ.

Хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлд хяналт тавина

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн дараах үүрэг, даалгаврыг өглөө. Тухайлбал,

  • Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Төсвийн хөрөнгө оруулалтын талаар авах арга хэмжээний тухай” захирамжийн хэрэгжилтийг хангаж, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийн бүх үе шатанд тавих хяналтыг эрчимжүүлж ажиллах.
  • “Хот хөгжлийн индекс” хэрэгжүүлэхтэй холбогдуулан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвтэй хамтран ажиллаж, хэрэгжүүлэх арга хэмжээ, мэдээ мэдээлэл шуурхай солилцож, ажлаа уялдуулж ажиллах.
  • Нийслэлийн хэмжээнд Сар шинийн баярын үзэсгэлэн худалдаа болон ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхэлж байгаа холбогдуулан иргэд, хүүхэд, багачуудын амгалан тайван байдлыг хангах, хулгай болон бусад төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулах ажлуудаа эрчимжүүлэх зэрэг үүргийг холбогдох байгууллагын удирдлагуудад өгөв.

ШИНЭ МЭДЭЭ