МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Тэмээний өв соёл-2023” наадам болов
2023.01.31
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

“Тэмээний өв соёл-2023” наадам болов

"Тэмээний өв соёл-2023" наадамд Өмнөговь аймгийн 7 сум, Дундговь аймгийн 3 сумын тэмээчид оролцлоо.

Энэ үеэр тормон тэмээ, тайлган тэмээ, буухиа зэрэг 3 төрлийн уралдаан мөн ганган тэмээтэй хос, буйл зорох, бурантаг томох, сүү цагаан идээний шилдэг үйлдвэрлэгчдийг шалгаруулсан юм.

Аймгийн хэмжээнд 41.1 мянган тэмээ тоолуулсан бөгөөд, тэмээн сүргийн тоогоор Өлзийт, Хулд, Дэлгэрхангай зэрэг сумууд тэргүүлдэг.

Тэмээний уламжлалт баярыг аймгийн хэмжээнд 1975 оноос эхлэн зохион байгуулж ирсэн. Энэ жил анх удаа зохион байгуулж буй Хулд сумын хувьд Анхны хөдөлмөрийн баатар эмэгтэй тэмээчин Банзрагчийн Эс, БНМАУ-ын аварга тэмээчин 1, Аймгийн аварга тэмээчин 5, Алтан ботгоны эзэн 2, Мөнгөн буйлны эзэн 1, Ингэний саалийн аварга 5 тус тус төрөн гарсан байна.

Улсаас зарласан тэмээ өсгөх ашиг шимийг ашиглах талаар гаргасан болзлыг 3 удаа хангаж Зил-130, Газ-53, Чиргүүлтэй трактор зэргээр  шагнуулж байсан бахдам түүхтэй билээ.

Хулд сумынхан мах ноосны чиглэлийн “Олдохын хүрэн бор” омгийг 2020 онд батлуулсан бөгөөд 2022 оны мал тооллогоор “Олдохын хүрэн бор” тэмээ 7100-д хүрчээ.  2022 онд зохион байгуулагдсан “Гойд ашиг шимт мал” үүлдэр угсааг шалгаруулах уралдаанд Хурд сумын малчин Бумын Баянжаргалын буур шилдэг үүлдрээр шалгарчээ.

Б.Баянжаргалын  гэргий Т.Баярмаа нь “Дундговь түншлэл-2022” үзэсгэлэн худалдаанаас шилдэг цагаан идээ үйлдвэрлэгчээр шалгарсан юм.

Дундговь аймгийн Хулд суманд болсон "ТЭМЭЭНИЙ ӨВ СОЁЛ-2023" уламжлалт баяр ийнхүү амжилттай болж, дараагийн зохион байгуулах сумаар Дундговь аймгийн Өлзийт сум тодорч шилжин явах цомыг гардан авлаа.

ШИНЭ МЭДЭЭ