МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Парламентын ардчилал” сэдвийн хэлэлцүүлэг асуулт, хариултаар үргэлжиллээ
2023.02.16
Улстөр

“Парламентын ардчилал” сэдвийн хэлэлцүүлэг асуулт, хариултаар үргэлжиллээ

Дээрх сэдвээр өрнөсөн нэгдсэн хуралдаанд Монгол Улсын дэд Ерөнхийлөгч, Улсын Бага Хурлын болон Улсын Их Хурлын дарга асан, шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, академич Р.Гончигдорж, Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн захирал, Үндсэн хууль судлаач, магистр О.Машбат нар илтгэл тавив.

Академич Р.Гончигдорж 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг органик хуулиудаар бүрэн хэрэгжүүлж, үр дүнг үзэх тухай болон парламентын төлөөллийн чадавхыг нэмэгдүүлэх, сонгуулийн тогтолцоог төгөлдөржүүлэх зэрэг сэдвүүдээр мэдээлэл өгсөн бол магистр О.Машбат Үндсэн хуулийг шинэчлэн найруулахтай холбоотой асуудал болон улс төрийн намын санхүүжилт, түүний ил тод байдлыг хангах, мөн намуудыг хатуу гишүүнчлэлгүй болгож, бодлогын өрсөлдөөн оруулж, төлөвшүүлэх зэрэг асуудлуудыг тайлбарлав.

Илтгэгчдийн илтгэлийг сонссоны дараа Зөвлөлдөх уулзалтад оролцогчид хэсгийн хэлэлцүүлгүүдээр дээрх асуудлуудыг өөр хоорондоо зөвлөлдөн ярилцсан юм. Нийтдээ 54 жижиг хэсгүүдэд оролцогчид 15-аас олонгүй бүрэлдэхүүнээр хуваарилагдан хөндлөнгийн нөлөөгүйгээр, зөвхөн өөрсдийн бодол саналаар уг асуудлуудыг хэлэлцэж буй юм.

Дараа нь эргэж нэгдсэн хуралдаандаа цуглан, жижиг хэсгийн хэлэлцүүлгүүдээс гарсан асуултууддаа Зөвлөлдөх уулзалтын илтгэгчид болон экспертүүдээс хариулт авсан юм. Жижиг хэсгүүдээс сонгуулийн тогтолцоогоо зөв сонгоод, түүнийгээ Үндсэн хуульдаа оруулъя, 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үр дүнг үзэх, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар зэрэг хүмүүс нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр огт хэлэлцэхгүй гээд байхад ягаад шинэ Үндсэн хуулийн төсөл яригдаад байна вэ, Сонгуулийн хуульд сонгууль болохоос тодорхой хугацааны өмнө өөрчлөлт оруулахгүй байх, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр “төрийн нийтийн өмч” гэх томъёолол оруулсны учир, гишүүдийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд яаж хяналт тавих, санал худалдан авах явдлыг хэрхэн таслан зогсоох, намын санхүүжилтыг хэрхэн цэгцлэх гэх мэт асуулт, саналыг гаргаж тавив. Эдгээр санал, асуултуудад хэлэлцүүлгийн илтгэгч нар болон экспертүүд дэлгэрэнгүй, тодорхой хариулт өгсөн юм.

Нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт илтгэгчдийн зэрэгцээ “Агора” институт судалгааны хүрээлэнгийн захирал, улс төр судлаач Д.Оргил, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төслийн зөвлөхУлс төрийн шинжлэх ухааны доктор (Ph.D), дэд профессор Э.Гэрэлт-Од, Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг нар экспертээр оролцлоо.

Тэд хариулт тайлбартаа, Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу шинээр болон шинэчлэн батлах Засгийн газрын тухай, Ерөнхийлөгчийн тухай, Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай, Үндэсний баялгийн сангийн тухай, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай зэрэг хуулиудыг өнөөдрийг хүртэл батлаагүй нь төрийн эрх мэдлийн харилцан хяналтыг алдагдуулахад хүргэж буйг дурдаж байлаа.

Мөн зарим судлаачид эдгээр хуулийг яаран батлалгүйгээр, шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг нэмж оруулаад нэг мөсөн хэрэгжүүлэх ёстой гэж үздэг байна. Улсын Их Хурлын нэг гишүүнд ногдох ачаалал хэт өндөр, кнопын буюу саналын эрх нь хэт хүчтэй байгаа нь хуулиуд чанаргүй, цөөн хүний үзэмжээр батлагдах эрсдэлтэйг илтгэгч нар болон экспертүүд өөр өөрийнхөөрөө тайлбарлаж, гишүүдийн тоо цөөн байх нь Улсын Их Хурлын хяналт, шалгалтын чиг үүргийг бүдэгрүүлдэг бөгөөд Улсын Их Хурлын гишүүд Засгийн газрын гишүүнээр давхар томилогдож буй өнөөдрийн нөхцөлд гишүүдийн тоог нэмэгдүүлэх замаар сөрөг нөлөөллийг бууруулдаг тухай ярив.

Оролцогчдын хамгийн их сонирхон асуусан Үндсэн хуулийг шинэчлэн найруулахтай холбоотой асуудлаар илтгэгчид болон экспертүүд тал талын тайлбар хийсэн юм. Өнөөдрийн эрх зүйн зохицуулалтаар Үндсэн хуулийг шинэчлэн найруулах тухай ойлголт байхгүй бөгөөд холбогдох хууль тогтоомжоор нэг бол нэмэлт, өөрчлөлт оруулах, эс бөгөөс хянан үзэх буюу бүхэлд нь өөрчлөх гэсэн хоёр сонголт үйлчилж буй юм.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд, нийт зүйлийн 35-аас дээш хувьд нэмэлт, өөрчлөлт оруулах, үндсэн бүтэц болон суурь, үзэл баримтлалыг өөрчлөх тохиолдолд бүхэлд нь өөрчлөх буюу хянан үзэхээр заасан. Эдгээр нөхцөл үүсээгүй тул Үндсэн хуулийг шинэчлэн найруулах болон шинэ Үндсэн хууль батлах шаардлага байхгүй гэсэн байр суурийг судлаачдын болон Зөвлөлдөх уулзалтад оролцогч иргэдийн олонх нь илэрхийллээ.

Парламентын ардчилал” сэдвийн хэлэлцүүлэг ийнхүү амжилттай болж өндөрлөсний дараа үдээс хойшхи хуралдааныг хөтлөн явуулсан Улсын Их Хурлын Ажлын хэсгийн гишүүн Н.Энхболд Зөвлөлдөх уулзалтын өнөөдрийн арга хэмжээг хаав.

Тэрбээр нэгдсэн хэлэлцүүлгийг хааж хэлсэн үгэндээ, Зөвлөлдөх уулзалтын эхний өдрийн хэлэлцүүлгээр бид “Иргэний болон улс төрийн эрх, хариуцлага”, “Парламентын ардчилал” гэсэн хоёр сэдвээр дөрвөн үндсэн илтгэл сонсож хэлэлцлээ. Маргааш бид “Эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах”, “Нийгмийн тулгамдсан асуудал” сэдвүүдээр хэлэлцүүлэг, асуулт хариулт явуулна.

Түүний дараа оролцогчид та бүхэн урт хугацаанд, олонтаа яригдсаар ирсэн, өнөөдөр шийдэхээс өөр аргагүй болсон тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар байр сууриа илэрхийлж, санал асуулгад хариулт өгнө. Эцэст нь Зөвлөлдөх санал асуулгаас гарсан санал дүгнэлтийг нэгтгэж, тулгамдсан асуудал, шийдвэрлэх эрэмбэ, арга зам, хэлбэр, эрх зүйн зохицуулалтын талаар Улсын Их Хурлаас холбогдох шийдвэрүүдийг гаргана.

Энэ бол Монгол төрөөс гаргах шийдвэр, хууль тогтоомжийн үндэслэл, үзэл баримтлал, суурийг та бүхэн гаргаж өгч буй, төрийн эрх барих эрхээ биечлэн хэрэгжүүлж буй туйлын хариуцлагатай ажил юм гэсэн юм. Түүнчлэн тэрбээр, Улсын Их Хурлаас зөвлөлдөх санал асуулга явуулах шийдвэр гаргасан нь ардчиллыг төгөлдөржүүлэх шаардлагатай холбоотой юм.

Төлөөллийн ардчилал бол ард иргэдээ төлөөлөн төрд томилогдсон хүмүүс өөрсдийн итгэл үнэмшлээр аливаа асуудлыг шийдвэрлээд явдаг. Харин зөвлөлдөх ардчиллын онцлог нь хэдийгээр нийт ард түмнээс нэгбүрчлэн асуух боломж байхгүй ч нийгмийн бүхий л давхарга, салбарыг хамарсан төлөөллүүдийг сонгож, саналыг нь сонсон, байр суурийг мэдсэний үндсэн дээр шийдвэр гаргадагт оршдог.

Монгол Улсын хэрэгжүүлж байгаа Зөвлөлдөх ардчиллын механизм бол олон улсад түгээмэл хэрэглэгддэг арга юм. Харин шууд ардчиллын зарчим бол өндөр ач холбогдолтой, томоохон асуудлуудыг шийдвэрлэхэд хэрэглэдэг иргэн бүрээс саналыг нь авдаг ард нийтийн санал асуулга юм. Ийм санал асуулгаар шийдвэрлэсэн асуудлыг Улсын Их Хурал зөвхөн албажуулж баталгаажуулах л үүрэгтэй гэдгийг ялгаж тайлбарласан юм.

Эцэст нь тэрбээр, Зөвлөлдөх санал асуулгын хоёр шатанд оролцож байгаа та бүхэн түүхэн үйл явдалд хувь нэмэр оруулж буй юм гээд, та бүхний дэмжээгүй асуудлууд эндээ үлдэж, дэмжсэн асуудлууд цаашаа хуулийн дагуу шийдэгдээд явна гэсэн юм.

Зөвлөлдөх уулзалтын хоёр дахь өдрийн хэлэлцүүлгээр маргааш эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийн сааруулах болон нийгмийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэнэ

ШИНЭ МЭДЭЭ