МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Эргэх холбоо-63" уулзалт үргэлжилж байна
2023.03.02
Орон нутгийн хөгжил

"Эргэх холбоо-63" уулзалт үргэлжилж байна

“ЭРГЭХ ХОЛБОО-63” ХЭРЛЭНБАЯН-УЛААН ТОСГОНЫ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат тойргийн гишүүдээ төлөөлөн аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан, Дэлгэрхаан сумын Засаг дарга Э.Төгөлдөрийн хамт “Эргэх холбоо-63” хөтөлбөр Иргэдээ сонсох уулзалтаа үргэлжлүүлж Хэрлэнбаян-Улааны тосгоны 40 шахам иргэдтэй уулзалт хийлээ.

Эргэн сануулахад 2022 оны Намрын чуулган завсарлаж 2023.01.23-ны өдрөөс “Эргэх холбоо-63” иргэдээ сонсох уулзалтыг зохион байгуулж аймгийн төвийн 45 байгууллага, Хэрлэн сумын төвийн 6 баг, 5 сургууль, 15 сум, хоёр тосгоны (Өлзийт, Гурванбаян тосгон, Өмнөдэлгэр, Баянхутаг, Галшар, Бор-Өндөр, Дархан, Баянмөнх, Мөрөн, Батширээт, Биндэр, Баян-Адарга, Дадал, Норовлин, Баян-Овоо, Батноров сумд, Бэрх тосгон) нийт 5952 хүнтэй уулзалт хийж, тэдний төлөөлөл 348 хүний давхардсан тоогоор 970 гаруй асуултад хариулж, иргэд, төрийн албан хаагчид, сумдаас уламжилсан санал хүсэлтийг хүлээн авсан юм.

Хэрлэнбаян-Улаан тосгоны иргэд: Отрын бүс нутгийн захиргаа, бүс нутаг хариуцсан мэргэжилтэнтэй холбоотой олон шүүмжлэлтэй асуудлууд, Хэрлэнбаян-Улааны ЕБС-ийн бүтцийг өөрчлөх орон нутгийн /бага сургууль болгох/ шийдвэрийн талаар тодруулж, Отрын бүс нутгийг 2-3 жил өнжөөх, ахмадын байртай болоход дэмжлэг үзүүлэх гэх мэтчилэн 10 гаруй санал хүсэлт илэрхийллээ.

Онцолбол, тосгоны малчин н.Баярхүү Оторчдын өвчтэй малаас халдвар авч устгагдсан, хоргодсон малын нөхөн төлбөрийг хэрхэх вэ, хэн хариуцлага үүрэх вэ, хяналт тавих, тогтоох субьектыг эзэнжүүлж өгөхийг хүсэж, уугуул малчид өвөлжөө хаваржаагүй болсныг сонордуулав. Эрүүл мэндийн төвөөс шинэ эмнэлэг баригдаж, ЭМТ-д авто машинтай болж эмчилгээ үйлчилгээг тогтмол, хүртээмжтэй явуулж буйг хэлж, орон нутгаас 380В цахилгаан үүсгүүр /генератор/, цусны анализатор олгох тал дээр дэмжиж ажиллахыг хүслээ.
Сумын иргэн н.Ерөөлт: Хэрлэнбаян-Улаан тосгонд баригдсан бүтээн байгуулалтууд засвар үйлчилгээ шаардагдах болсон, Захиалагчийн хяналт тавьж буй байгууллага, улсын комисс хяналтаа алдаа мадагтай тавьсныг шүүмжилж, эргэж харах санал уламжиллаа.

СУРГУУЛИЙН ЗАХИРЛУУДТАЙ УУЛЗАЖ, САНАЛ ХҮСЭЛТИЙГ НЬ ХҮЛЭЭН АВЛАА 

Өчигдөр аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Өнөрцэцэгийн хамт Политехник коллежийн болон Хэрлэн сумын ЕБС-иудын захирлуудтай уулзалт хийлээ. Гүйцэтгэлд суурилсан санхүүжилт, сургуулийн төсөв, боловсролын багц хууль хэлэлцэгдэж буйтай холбоотой өмнө нь уулзах хүсэлт ирүүлээд байсан юм.
Уулзалтаар БШУЯ-наас нэвтрүүлж буй цахим платформ, Төрийн худалдан авах ажиллагааны цахим системийн “Цахим дэлгүүр”-ийн талаар, зарим санхүүжилт өмнөх жилүүдээс танагдаж батлагдсан гэх мэт сургуулийн орчинд тулгамдсан хэд хэдэн асуудлаар захирлууд санал хүсэлтээ уламжлав.

Тодруулбал, Боловсролын мэдээллийн систем ЕSIS зэрэг цахим платформыг хэрэглээнд нэвтрүүлэн ашиглахтай холбоотой олгогддог санхүүжилт ирээгүй, Худалдан авалтыг зөвхөн Төрийн худалдан авах ажиллагааны цахим системийн “Цахим дэлгүүр”-ээс авах цэнзүүр тавьсан. Гэтэл цахим дэлгүүрт сургуулийн эрэлт хэрэгцээнд нийцсэн тавилга, эд хогшил, цахим самбар, тоног төхөөрөмжүүд байхгүй. Цөөн нэр төрлийн өртөг өндөртэй, хэрэглээнд хуучирсан загвартай бүтээгдэхүүн байгаа нь “хүндрэл” учруулж, сонголтгүй "шахаа" хийхтэй адил байна гэв. Үүнчлэн дотуур байрны хоолны зардал, багш нарын илүү цаг, амралтын санхүүжилт танагдсан учраас багш нар БНСУ-руу ажиллах чөлөө авах нь нэмэгдэж байна, цаашдаа хүний нөөцийн асуудал тулгамдаж сургуульд өр үүсэж магадгүйг учирлав.

Иймээс захирлуудтай хийсэн уулзалт, аймгийн сургууль, цэцэрлэгийн багш нараас ирүүлсэн санал хүсэлтийг нэгтгэн салбарын сайдад уламжилж, 2023 оны хаврын чуулганаар дэвшүүлэхээр боллоо.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЯСЛИЙН БАРИЛГЫГ ШИНЭЧЛЭХЭД САНААЧИЛГАТАЙ АЖИЛЛАНА

Улсын хэмжээнд цор ганц ажиллаж буй Хэнтий аймгийн Яслийн багш ажилтнуудын хүсэлтээр үйл ажиллагаатай нь танилцаж уулзалт хийлээ. Аймгийн Ясли хоёр ангид 70 хүүхэд авч ажиллаж байна. Бүлгийн багш хоёр, 4 туслах багштай бөгөөд нийт 16 хүний бүрэлдэхүүнтэй хичээл, сургалтын үйл ажиллагаагаа тогтмол явуулдаг аж. Сүүлийн жилүүдэд 1.5-1.8 нас хүртэлх балчир хүүхдүүдийг хүлээн авч эрүүл ахуйн дадал хэвшил, бие бялдар, хоол тэжээлийн чиглэлээр чадамж олгон төгсөж СӨБ-д шилжүүлдэг байна.

Хэрлэн сумын хүүхдийн ясли анх 1960 оны 12 дугаар сард Эрүүлийг хамгаалах газрын харьяа Хэнтий аймгийн 1-р Ясли нэртэйгээр үүсгэн байгуулагдаж байжээ. Тухайн үед 65 хүүхэдтэй, өлгий, мөлхөө, ахлах гэсэн 3 бүлэгтэй 19 ажилтантай ажиллаж эхлэн өдгөө 63 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.

Хэнтий аймгийн яслийн засвар үйлчилгээ, өргөтгөлийн зураг төсвийн талаар хэлэлцэж, багш ажилтнуудын санал хүсэлтийг сонслоо.
Тэд тойргийн гишүүддээ Гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчлэх хүсэлтийг ирүүлж, мөн барилгыг шинэчлэх зураг төсөл, ТЭЗҮ боловсруулсныг мэдээлэв. Тус барилгын хана таазны цууралт, нуралтын засвар үйлчилгээг аймгийн Засаг даргын зүгээс анхаар тогтмол ажиллуулах нөхцөл байдлыг хангаж байгаа бол шинэчлэх ажлыг УИХ-ын гишүүд идэвхийлэн хөөцөлдөж буйг илэрхийллээ. Өмнө нь Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа тус яслийн нөхцөл байдалтай танилцсан юм. Шинэ сэргэлтийн бодлогод яслийг дэмжих зорилтууд тусгагдаад байгаа билээ.

ЭХ ОРОНЧДЫН ӨДРӨӨР ХЭНТИЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Хэрлэн сумын Монгол Ардын намын хорооноос Улстөрийн ууган хүчин Монгол Ардын нам байгуулагдсаны 102 жил, Эх орончдын өдөр"-ийг тохиолдуулан Намын бүх гишүүдийн цэнгүүнийг өнөөдөр зохион байгуулж байна. Энэхүү үйл ажиллагаанд УИХ-ын гишүүдээ төлөөлөн оролцож, Монгол Ардын Намын Хүний эрх, Социал демократ үнэт зүйлс, цахим нам, Шинэ сэргэлтийн бодлогын талаар, улс орноо хөгжүүлэх, авилгатай тэмцэх жилийн хүрээнд хийж буй ажлын талаар товч мэдээлж, УИХ-ын гишүүн, МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороон дарга Б.Бат-Эрдэнэ нарын мэндчилгээг хамтатган хүргэж, баяр хүргэлээ.

1921 оны 3-р сарын 01-ний энэ өдөр Монголын эх оронч, эрэлхэг хөвгүүд улс орныхоо тусгаар тогтнолыг буцаан сэргээх зорилго дор Хүрээний ба Консулын гэх хоёр бүлгэм байгуулж, улмаар анхны улс төрийн хүчнийг үүсгэн байгуулж байжээ. Монгол Улс тусгаар тогтнолоо бүрэн алдаж, нийгмийн хоцрогдол, харийн дарлалд нэрвэгдэж, мөхлийн ирмэгт тулаад байсан хүнд цаг үед Монгол Ардын Нам, анхны 7 тэргүүтээ эх орончид ард олныхоо хүчийг нэгтгэн, эх орноо чөлөөлөх тэмцлийг манлайлан удирдаж, 1921 оны хувьсгалыг ялалтад хүргэж чадсан нь түүхтэй.

Хожим 2004 онд УИХ Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулж, жил бүрийн 3 дугаар сарын 01-ний өдрийг “Эх орончдын өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гарсан юм. Улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намын гишүүд, дэмжигчдэдээ халуун баяр хүргэе.

“ЭРГЭХ ХОЛБОО-63” СӨБ-ын БАГШ, АЖИЛТНУУДАА СОНСЛОО 

УИХ-ын 18 дугаар тойргоос сонгогдсон гишүүдээ төлөөлөн “Эргэх холбоо-63” иргэдээ сонсох уулзалтын хүрээнд өнөөдөр Хэрлэн сумын СӨБ-ын 110 шахам багш, ажилтнуудтай уулзаж УИХ-аар батлагдсан хууль тогтоомж, Засгийн газрын онцлог шийдвэрийн талаар мэдээлж, тэднийг сонслоо.

Хэрлэн сумын төр, хувийн хэвшлийн нийт 12 цэцэрлэг 300 гаруй багш, ажилтантай. Тэднийг төлөөлж; Хэрлэн II цэцэрлэгийн Арга зүйч С.Оюунгэрэл цэцэрлэгүүдийн гүйцэтгэлд суурилсан санхүүжилтын тогтолцоо алдаатай байна, хуваарилагдсан төсөвт илүү цагийн нэмэгдэл хүрэлцэхгүй байгаа учраас эргэж харах, 50-аас дээш насны багш нарыг цэцэрлэгийн хүүхдүүд эмээ, өвөө нараар авгайлан дууддаг тиймээс тэтгэврийн зохицуулалт бий юу, өвлөгддөг тэтгэврийн хуулийн төслийг дэмжиж байна, улсад 25-аас дээш жил ажилласан багш нарт цалингийн нэмэгдэл олгогдоогүй зэрэг нийтлэг тулгамдаж буй асуудлыг эмхэтгэн өргөдөл хүргэлээ.

Цэцэрлэгийн эрхлэгч Б.Ганцэцэг, Б.Энхтуяа, Б.Ариунаа нар хоолны мөнгө, цэцэрлэгийн норматив, багш нарын амралтын төсөв, тоног төхөөрөмжийн талаар санал хэлж, СӨБ-д эмчийн шаардлага тулгардаг, үүнийг хуульчлах хэрэгтэйг чухалчлав. н.Шинэбаяр: Нийгмийн даатгалын шимтгэлийг төрд, хувийн хэвшилд төлөх эсэхийг иргэд сонгодог тогтолцооны өөрчлөлт хэрэгтэй байгааг хэлж сонгуулийн тогтолцооны талаар тодрууллаа.

Ахмад багш н.Баяраа цэцэрлэгийн багш нар 30-50 хүүхэдтэй өдрийн турш тулж ажилладаг, сургуулийн амралтын үеэр СӨБ-ийн багш нарыг амраах зохицуулалт хэрэгтэй зэрэг саналыг уламжиллаа.

ШИНЭ МЭДЭЭ