МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

МҮОНРТ-тэй иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих чиглэлээр хамтран ажиллана
2023.03.10
Эрүүл мэнд

МҮОНРТ-тэй иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих чиглэлээр хамтран ажиллана

Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих чиглэлд МҮОНРТ-тэй хамтран ажиллахаар Санамж бичиг байгууллаа. Засгийн газраас иргэдийн эрүүл мэндийг сайжруулах зорилгоор өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нээс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, оношлогоо, шинжилгээг хийж эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар хүн амын 30 хүрэхгүй хувь хамрагдсан байгаа ч цаашид энэ арга хэмжээг үргэлжлүүлэн бүх хүмүүсийг хамруулах зорилготой ажиллаж байна. Эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдүүдийн 61 хувь нь шүд цоорох өвчтэй, насанд хүрэгчдийн дунд хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, зүрх судасны өвчлөл их байгаа дүн гарсан. Энэ үр дүнгээс бид иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэгтэй байж, амьдралын эрүүл хэв маягаа өөрчилж, буруу дадал хэвшлээс салахад нь туслах зайлшгүй шаардлага байна гэж үзэж МҮОНРТ-тэй хамтран ажиллах санал тавьсан юм.

Тэгээд ч дэлхийн улс орнуудын туршлагаас харахад нийгмийн эрүүл мэнд, анхан шатны тусламж үйлчилгээнд эмнэлгийн тусламж үйлчилгээнээс дутахгүй анхаардаг. Гэтэл манай улсын хувьд иргэдийг өвчлөхөөр нь эмчлэх тухай л ярихаас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох тал дээр хангалттай ажиллаж чадахгүй байгаад дүгнэлт хийж нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих цогц төлөвлөгөөг салбарын яамдтай хамтран боловсруулахаар ажиллаж байна.

Олон улсын байгууллагуудаас гаргасан судалгаагаар хувь хүний эрүүл мэндийн 10-15 хувь нь эрүүл мэндийн байгууллагатай холбоотой. Үлдсэн 85-90 хувь нь хувь хүнээс өөрөөс нь шалтгаалдаг гэсэн байдаг. Тиймээс бид МҮОНРТ-тэй хамтран иргэдийн нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан боловсрол олгох, эрүүл зан үйл төлөвшүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, контент, нэвтрүүлэг, сурталчилгааг хамтран бэлтгэж олон нийтэд хүргэх зорилго тавьж байна.

ШИНЭ МЭДЭЭ