МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Толгойт хөгжлийн төв” үүдээ нээлээ
2023.03.14
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

“Толгойт хөгжлийн төв” үүдээ нээлээ

Сонгинохайрхан дүүрэгт Нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьсан “Толгойт хөгжлийн төв”-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Тус төвийн нэгдүгээр давхарт спорт заал, хоёр, гуравдугаар давхарт сэргээн засах, уламжлалт эмчилгээ, үйлчилгээ  үзүүлэх танхимууд буй.

Хөгжлийн төвийг УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн П.Жаргалмаа нарын санаачилгаар “Сонгинохайрхан-1” төслийн хүрээнд  хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмад настанд зориулсан иж бүрэн тоног төхөөрөмжүүдээр тоноглон тохижуулсан юм.

Нэгдүгээр давхар буюу спорт зааланд секц, дугуйлан, тэмцээн уралдаан өглөөний 07:00-17:00 цаг хүртэл цагийн хуваарийн дагуу иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Секц, дугуйлан

Өсвөр, залуу үеийн дунд волейбол, сагсан бөмбөг, бадминтон гэх мэт 16 төрлийн дугуйлан секц хичээллэж, Ахмадын шугаман бүжгийн сургалтыг зохион байгуулан сардаа 150-200, жилдээ нийт 2000 гаруй хүүхэд, иргэд, ахмад настныг хамруулна.

Эмчилгээ

Хоёр болон гуравдугаар давхарт “Сонгинохайрхан” жишиг нэгдсэн эмнэлгийн өдрийн эмчилгээний тасгаас харвалтын дараах нөхөн сэргээх болон уламжлалт гэсэн хоёр төрлөөр эмчилгээг иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй үзүүлэхээр төлөвлөж, өдөрт 35  сард  700, жилдээ 8400 гаруй иргэнийг хамруулна.

Хөгжлийн төвд Сонгинохайрхан дүүргийн толгойт бүсийн 1, 2, 3, 4, 20, 22, 33, 34, 35, 36 дугаар хороодын бүх насны иргэд үнэ төлбөргүй хамрагдана.

Иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх, сэргээн засах эмчилгээ авах төв ийнхүү нэгээр нэмэгдэж байна. Цаашид Баянхошуу, Төв, Өнөр бүсүүдэд хөгжлийн төвийг барихаар газар чөлөөлөлтийн ажил үргэлжилж байгаа билээ.

ШИНЭ МЭДЭЭ