МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар нарын гишүүд Шведийн Хаант Улсын Риксдагт (парламент) албан ёсны айлчлал хийж байна
2023.10.20
Гадаад харилцаа

УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар нарын гишүүд Шведийн Хаант Улсын Риксдагт (парламент) албан ёсны айлчлал хийж байна

Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар тэргүүтэй төлөөлөгчид Шведийн Хаант Улсын Риксдагийн урилгаар 2023 оны 10 дугаар сарын 16-наас 21-ний өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийж байна.Айлчлалын бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Шведийн парламентын бүлгийн гишүүн А.Адъяасүрэн, Б.Баттөмөр, Б.Жаргалмаа, Ц.Туваан болон албаны бусад хүмүүс ажиллаж байна.

Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Шведийн Хаант Улсын хууль тогтоох дээд байгууллага Риксдагийн дарга Андреас Норлейнд бараалхав.Уулзалтын үеэр Шведийн Хаант Улсын Риксдагийн дарга Андреас Норлейн Шведийн Хаант Улс, Монгол Улс нь хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх эрхэм зорилго нэгтэй болохыг онцолж, Риксдагт Швед-Монголын парламентын бүлэг албан ёсоор байгуулсныг дуулгав. Тус бүлгийг Риксдагийн гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны гишүүн Маркус Вэйчил даргалж байгаа гэв. Түүнчлэн хоёр улсын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, харилцан туршлага солилцоход бэлэн байгааг илэрхийллээ.

Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар Риксдагт Швед-Монголын парламентын бүлэг байгуулагдсанд талархал илэрхийлээд, хоёр орны харилцаа хамтын ажиллагааг худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин болон бусад бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар болон парламентын Тамгын газар хоорондын харилцаа хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах талаар хүсэлтэй байгааг илэрхийллээ.

Швед, Монголын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л түвшинд хөгжүүлэх талаар талууд санал нэгтэй байгааг тэмдэглэв.Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар Риксдагийн дарга Андреас Норлейнийг ирэх 2024 онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойгоор Монгол Улсад айлчлахыг урьсан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгыг гардуулан өглөө.

ШИНЭ МЭДЭЭ