МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ирэх долоо хоногт Боловсролын ерөнхий хуулийг хэлэлцэнэ
2023.03.21
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Ирэх долоо хоногт Боловсролын ерөнхий хуулийг хэлэлцэнэ

Улсын Их Хурлын даргын зөвлөл өнөөдөр (2023.03.21) Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүдтэй уулзаж, ажлын явц байдалтай танилцав.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар "энэ хуулийг улс орны нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагад тулгуурлан, бодит амьдралд нийцүүлэн боловсруулж, батлах шаардлагатайг онцгойлон сануулав. Бид хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүд ярьж, хувийн хэвшлээ дэмжих бодлого баримталдаг хэдий ч үнэн хэрэгтээ ажиллах хүчин, мэдлэг, мэргэжилтэй боловсон хүчин дутагдалтай байна.

Энэ бол боловсролын асуудалд онцгойлон анхаарах шаардлагатайг сануулж буй хэрэг гэв. Мөн тэрээр Боловсролын ерөнхий хуулиар боловсрол, сургалтын бүхий л түвшин, ялгаатай байдлыг нягт уялдуулан зохицуулах учиртайг дурдаж, эдийн засаг, нийгэм, санхүүгийн бүхий л арга хэрэгслээр боловсролыг дэмжих эрх зүйн нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг зөвлөв.

Боловсролын багц хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх нийт долоон ажлын хэсэг байгуулагдсан.
Эдгээр ажлын хэсгүүд 29 удаа, ажлын дэд хэсгүүд 58 удаа хуралдаж Боловсролын ерөнхий хууль болон хамт өргөн мэдүүлсэн сургуулийн өмнөх ба ерөнхий, дээд, хүмүүнлэгийн, мэргэжлийн  боловсрол, судалгааны их сургуулийн зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцсэн талаар Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороон дарга Г.Мөнхцэцэг танилцууллаа. Тус Байнгын хороо болон Боловсрол, шинжлэх ухааны яамнаас нийт 26, Улсын Их Хурлын гишүүд 16 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулжээ.

Улсын Их Хурлын байнгын хорооны хуралдаануудаар ирэх долоо хоногт Боловсролын ерөнхий хууль болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхээр товлоод буй.

ШИНЭ МЭДЭЭ