11.02 тэрбум төгрөгийн барилгын материалын үнийн зөрүүг олгоод байна
2023.04.04
Барилга, Хот байгуулалт

11.02 тэрбум төгрөгийн барилгын материалын үнийн зөрүүг олгоод байна

"Барилгын салбарын сэргэлт"  хэлэлцүүлэг /2023.04.04/ боллоо. Тус хэлэлцүүлэгт УИХ-ыг гишүүн Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, БХБЯ-ны газрын дарга Д.Гантулга, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа нар урилгаар оролцлоо.

Харин хэлэлцүүлгийг “Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл” ТББ-аас зохион байгуулсан юм. Хэлэлцүүлгийн гол зорилго нь өнгөрсөн 2020 оны нэгдүгээр сараас дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хил хаагдаж, Монголын барилгын салбарт материалын хомсдол үүсэж, үнэ өссөн. Үүнийг дагаад барилгын салбарынханд болоод төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл хэрэгжүүлэгч компаниудад багагүй асуудал тулгарсан.

Тиймээс барилгын компаниудын төлөөллүүд нэгдэж, Засгийн газар, салбарын төрийн байгууллагуудад хандаж, үг үзэл бодлоо нэгтгэж хүргэж байсан юм.

Үр дүнд нь салбарын төрийн байгууллагууд болон барилгын компаниуд нэгдэж цаг үеийн хүнд нөхцөл байдлыг даван туулж, Улсын Их Хурлын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 88 дугаар тогтоолыг батлуулж чадсанаараа өнөөдрийн хэлэлцүүлгийн гол сэдэв болж байна.

Тодруулж хэлбэл барилга байгууламжийн төсөвт өртөгт нөлөөлж байгаа хүчин зүйлийг судалж, үнийн өөрчлөлтийн индексийг батлах;” “Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн төсөвт өртөгт магадлал хийх ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулсан.

Тиймээс 634 төсөл, арга хэмжээний 301.2 тэрбум төгрөгийн үнийн зөрүүний санхүүжилтийг Монгол Улсын 2023 оны улсын төсвийн тухай хуульд тусгуулж чадсан юм.
Барилга, хот байгуулалтын яамны төсвийн багцын хувьд нийт 106 төсөл, арга хэмжээний барилгын материалын үнийн өсөлтийн магадлалын дүгнэлтээр баталгаажсан 40.2 тэрбум төгрөгийг тусгагдсанаас өнөөдрийн байдлаар 11.02 тэрбум төгрөгийн материалын үнийн зөрүүг олгоод байна.

Цаашид Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа төсөл хөтөлбөрүүдийн чанарын асуудал, газар хөдлөлтөд тэсвэрлэх норм стандартыг баримталж ажиллах, хүний нөөцийг чадавхижуулах тал дээр анхаарч ажиллах шаардлагатай байгааг төрийн байгууллагуудаас анхааруулав.

ШИНЭ МЭДЭЭ