МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.04.13

Д.Өнөрболор: Төрийн нэр хүнд, ёс зүй, сахилга хариуцлага дордсоныг үндсээр нь авч үзэх шаардлагатай

УИХ-ын хаврын чуулганы өнөөдрийн /2023.04.13/ хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:

Монгол улсад 4232 төрийн байгууллага үүнээс 567 байгууллага нь дэргэдээ ёс зүйн зөвлөлтэй ажиллаж байгаа аж. Хэдхэн хоногийн өмнө хийсэн төрийн албаны зөвлөлийн даргын тайлангаас харахад 225 мянган албан хаагчдаас тайлант хугацаанд 415 алба хаагч ёс зүйн зөрчил гаргаж, хариуцлага хүлээсэн гэж сонссон. 415 алба хаагчдад ёс зүйн хариуцлага тооцсоноор, энэ тоо нэмэгдсэнээр иргэдийн бухимдал арилах уу. Хариуцлагын үр дүнд төрд итгэх итгэл нэмэгдэх үү?

Жинхэнэ ажил хийж байгаа төрийн албан хаагчдыг нялзайлгаад төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга, хариуцлагын асуудлыг ярихаас илүүтэй яагаад төрийн нэр хүнд, ёс зүйн хэм хэмжээ, сахилга хариуцлага ингэтлээ доройтсон бэ гэдгийг үндсээр нь авч үзэх шаардлагатай.

Олон нийтийн бухимдал, төрийн нэр хүнд, төрд итгэх итгэл буурч ирсэн үндсэн шалтгаан бол бодлого боловсруулагчид мэдээлэлд ойр шийдвэр гаргаж буй хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас шууд хамааралтай. Өнгөрсөн хугацаанд мэдээлэлд ойр өндөр албан тушаалтнууд боломжийг илүү  их хүртэж ирсэн гэдэг нь нээлттэй сонсголоос тодорхой харагдсан.

Хөгжлийн банк, ЖДҮ-г дэмжих хөгжлийн сан, нүүрсний хулгай гээд ард түмний өмч баялаг, өөдтэй өнгөтэй бүхнийг цөлмөсөн бүх асуудлуудтай улс төрд нөлөө бүхий этгээдүүд холбогдож байгаа нь ёс зүйгээс хальж гэмт хэрэг, дээрмийн шинжтэй хатуухан хэлэхэд улсаараа дүүрэн алдаа, завхрал, авлигалд идэгдсэн дүр зурагтай сууж байна.

Төрийн албан хаагчдын ёс зүйн тусгал нь УИХ-ын гишүүд, сайд, дарга нар юм. Тэгэхээр бид өөрсдөөсөө үлгэрлэж, манлайлах ёстой гэж миний хувьд үзэж байна. Хуулийн үндсэн үзэл санаа ч ийм байх ёстой. Ингэж хуулийн төслийн зорилгод байгаа үр дүн, гарах итгэл үнэмшил бий болно.

Хуулийн үзэл баримтлалыг баталж байгаа нэг судалгаа бол УИХ-аас ард иргэдийн дунд явуулсан зөвлөлдөх санал асуулгад оролцсон оролцогчдын 87.9% нь мэргэшсэн төрийн алба хаагчид, мэдлэг чадварт суурилсан улс төрөөс ангид байх асуудлыг хөндөж судалгаанд хамрагдсан. Үүнд дүгнэлт хийх шаардлагатай болсон.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ