МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.12.21
Улстөр

Д.Өнөрболор: Улс төрийн намууд өндөр хариуцлагатай, ёс зүйтэй байх хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.12.21/ нэгдсэн хуралдаан эхэллээ. хуралдааны эхэнд "Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж, байр суурь илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:

"Энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бол маш чухал, түүхэн шийдвэрийг хэлэлцэж байна. Энэ шийдвэр бол өнөөгийн тэгш бус байдал, баян, ядуугийн ялгаа энэ асуудлуудыг гал унтраах байдлаар засаж, үнэн бодит байдлаас зугтаж ирсэн ийм тогтсон хэв маягийг засах нөхцөл байдал үүсэх юм байна. Нөгөөтэйгөөр улс орны урт хугацааны бодлого хөтөлбөр, тэр дундаа шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх бол улс төрийн том шийдвэр гэж харж байна.

Өнгөрсөн хугацаанд жижиг тойргоос цөөн хэдэн сонгогчдыг худалдаж авах замаар луйвардаж гарч ирэх ч юм уу, эсвэл гарч ирсэн гишүүд нь сайд,  ерөнхий сайд, дарга нар болоод аймагтаа илтэд асар их төсвийн хөрөнгө оруулалт хуваарилах ч юм уу, ингэж улс орныг бүхэлд нь харах биш жалгыг тордох байдлаар явж ирсэн 30 жилийн  буруу жишиг туршлага болоод үндсэн болоод халах цаг болсон гэж үзэж байгаа.

Өмнө нь бас миний бие улс төрийн намуудын тухай хууль бас сонгуулийн тухай хууль хэлэлцэх үеэр энэ асуудлыг дэвшүүлж байсан. Тухайлбал улс төрийн намууд нэр дэвшигчдэд тавих босгыг өндөрсгөх асуудлын талаар өөрөөр хэлбэл улсын их хурал ёс зүйгүй нөхдүүдээс болоод иргэдийн төрд итгэх итгэл алдарч байгаа асуудал газар авсан.  

Санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн байх асуудал их чухал юм байна гэж ойлгож байгаа. Монгол ардын зүйр үгэнд гэрээ засаад, биеэ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг тэгэхэд гэрээ ч байтугай зарим нь биеэ ч засаагүй нөхдүүд ёс суртахууны  доголдлоос болоод бүдэрч байна. Төрөө засна гээд орж ирээд улаам цайм өлөнтөөд, цөлмөөд өнөөдөр ч гэсэн ЖДҮ, БСШУ, ХБ, нүүрсний гэх мэт ард иргэдийн боломжийг хулгайлгасан  асуудлыг бид бүгд өнөөдөр ч шийдэж чадаагүй. Улс төрийн намууд өндөр хариуцлагатай, ёс зүйтэй, төрд итгэх итгэлийг сэргээх хэрэгтэй байгаа. Ул сорон хүн ардаа хөгжилд хөтлөх ийм хүмүүсийг нэр дэвшүүлэх нь анхаарах нь зүйтэй байна.

Түүний асуултад Н.Энхболд гишүүн хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ