2023.04.13
Ж.Бат-Эрдэнэ: Сонгуулийн зардлын асуудлыг зайлшгүй анхаарах шаардлагатай
Улсын Их Хурлын Чуулганы өнөөдрийн /2023.04.13/ хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж ирж байна. Өнгөрсөн оны 10, 11, 12-дугаар сард талбайд ард түмний жагсаал болсон. Мөн нүүрсний хэрэг, Хөгжлийн банктай холбоотой хэлэлцүүлгүүд болсон. Ард иргэд нэлээн бухимдалтай байсан. Одоо ч бухимдалтай байна. Саарал ордонд болж бүтэхгүй 76 хүн суудаг юм шиг ойлголттой байгаа. Жагсаал бол бодит болсон жагсаал гэж би бодож байгаа юм. Олон сайхан мэдлэг, боловсролтой залуучуудтай уулзсан. Болж бүтэхгүй 76 нөхдүүд гэж бодож байгаа бол та нар өөрсдөө орж ирээд засаад явбал яасан юм гэхэд сонгуулийн зардлаа гаргаж чадахгүй, сонгуульд орж чадахгүй гэж хариулсан. Энэ бол маш том асуудал.
Ажлын хэсэг сонгуульд нэг гишүүнээс дунджаар яг хэдэн төгрөг гарч байна гэдгийг тооцсон уу? Үүнийг барагцаагаар хэлэх боломж байна уу. Зардал их байх тусмаа санал худалдаж авах тал руу орж байна гэсэн ойлголт байгаа шүү дээ. Монгол улсын нэг иргэн статистик тоогоор 1 сая 500 мянган төгрөгний цалинтай гэж буй. Үүнийг 12 сард нь үржүүлээд, 4 жилээр бодоход 72 сая төгрөгний орлоготой гэж гарч байгаа юм. Нэг хүний орлого. Та нар хэлдээ яг хэдэн төгрөгөөр сонгуульд оролцож байна. Зөрүү ямар хэмжээтэй байна вэ. Үүнээс харвал хэн боломжтой, бололцоотой нь сонгуульд ороод цаана нь мэдлэг, боловсролтой, чадал, туршлагатай судлаач, эрдэмтэн, эдийн засагч орохгүй үлдэж буй нөхцөл байдал үүсээд байна.
Үүнээс харахад сонгуулийн зардлыг хамаагүй хаячихаж болмооргүй байна. Хоёрдугаарт ухуулагчтай холбоотой асуудлууд бий. Сайн дурын гэсэн бол үүгээрээ явчихмаар. Өөрсдийгөө удирдах, өөрсдийнхөө төлөөлөл болох хүмүүсээ томилж байгаа бол яагаад сайн дураараа ажиллаж болохгүй гэж.
Жилээс жилд сонгогчдоо буруу жишиг рүү оруулаад байгаа шүү дээ. Үүнийгээ засаж байж цэвэр нийгэм бий болох, цэвэр хүмүүс улс төрд орох, хууль батлах жинхэнэ судлаач, эрдэмтэд нь орж ирэх бололцоог нээж өгөх суурь нь сонгуулийн зардал болчихоод байна шүү дээ.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Төрийн албаны зөвлөлийн гишүүдтэй уулзав
2024.08.21
УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2024.08.15