2023.04.13
Б.Жаргалмаа: Намын жагсаалтын 38 гэсэн тоог ямар үндэслэлээр гаргаж ирсэн бэ
Улсын Их Хурлын Чуулганы өнөөдрийн /2023.04.13/ хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:
Холимог тогтолцоогоор явах хуулийн төсөл орж ирж байгаад талархалтай байна. Яагаад гэвэл мажоратор тогтолцоогоор сонгогдсон энэ парламентад тойргийн буюу зөвхөн өөрийн сонгогдсон тойргийнхоо эрх ашгийн үүднээс ажиллах, жишээлбэл төсөв батлахад тойргийнхоо төсвийг батлуулахын төлөө байх сөрөг зүйл байдаг. Ийнхүү холимог тогтолцоогоор явснаар тойргийн бус нэг улс гэсэн бодлого бүрэн хэрэгжих боломж нээгдэх байх гэж харж буй.
Өнөөдрийн хэлэлцэж буй хуулийн төсөлд хүйсийн харьцааг 30% байх гэсэн квот оруулж ирсэн. Мөн жагсаалтаар орж ирэх 38 нэрс дээр 1:1 эрэгтэй, эмэгтэй гэсэн харьцаагаар сольж жагсаах заалтуудыг тусгасан. Энэ бол ганц эмэгтэйчүүдийн асуудал биш юм. Хүйсийн тэгш байдлыг хангах боломжийг нээж өгч буй. Харин энэ хууль батлагдсаны дараа ямарваа нэг нам үл харгалзан эмэгтэйчүүд сонгогчдын боловсролыг дээшлүүлэхэд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж байна.
Яагаад намын нэрийн өмнөөс 38 гэсэн жагсаалтыг оруулж ирсэн бэ. 38 гэсэн тоог зааж өгсөн бэ. Монгол Улсын иргэн сонгох, сонгогдох эрхтэй. Гэтэл хуулийн зарим зүйл заалтад сонгогчдын сонгох эрхийг тодорхой хэмжээний хязгаарлах зүйл байна гэж харж буй. Тухайлбал 74.3.2-д энэ хуулийн 74.2-д заасан шаардлага хангаагүй нам эвслийн авсан нийт саналын хувийг мөн хуулийн 74.2 заасан шаардлага хангасан нам эвсэлд тэнцүү хэмжээнд хуваан тус бүрийн авсан саналын хувь дээр нэмж тооцно гэсэн заалт байна. Өөрөөр хэлбэл би Н.Энхболд гишүүний намыг сонгочихоод саналаа өгсөн байхад түүний нам гурван хувьдаа хүрч чадаагүй бол миний санал Ц.Сэргэлэн гишүүний нам руу шилжих нь ээ. Миний өгсөн санал хүчингүй болоод гулсаад орчихож байна гэж ойлгогдоод байна. Үүнийг тайлбарлана уу?
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.