МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Жаргалмаа: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангахад төрийн бодлого дутагдаж байна
2023.04.18
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Б.Жаргалмаа: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангахад төрийн бодлого дутагдаж байна

Монгол улсын Үндсэн хуульд хүн бүр тэгш эрхтэй гэж заасан. Гэвч хуулийн заалт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тунхгийн шинжтэй байна. Учир нь тэдний сурч боловсрох, хөгжих эрх ноцтой зөрчигдөж жирийн хүний адилаар эрхээ эдэлж чадахгүй байгаа юм.

Зөвхөн Сонгинохайрхан дүүрэгт гэхэд хөгжлийн бэрхшээлтэй 1000 гаруй бага насны хүүхэд амьдардаг. Тэдэнд зориулсан тусгай хэрэгцээт цэцэрлэгийн шаардлага их байдаг боловч дүүргийн хэмжээнд байтугай улсын хэмжээнд хуруу дарам цөөн бий. Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийнхээ нийгмийн асуудалд төрөөс дорвитой бодлого, шийдвэр гаргахгүй байгаа нь үнэн.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа хатуу шүүмжлэлтэй ханддаг билээ. Түүний хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэд тэдний эцэг эхийн төлөөллийн эрхийн өмнөөс өөрийн дуу хоолойгоо өргөж, эрх ашгийг хамгаалах, нийгэм дэх тэгш оролцоог нь хангахад дэмжлэг үзүүлэхийг зорьж ажилладаг.

УИХ-ын намрын чуулганаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэх үеэр хүүхэд хамгааллын төсвийг танасанд тэрээр хатуу байр суурь илэрхийлсэн. Учир нь 2023 оны төсөв орж ирэхтэй зэрэгцээд ХНХЯ-аас хүүхэд хамгааллын чиглэлд нийт 10 тэрбум төгрөг төсөвлөж Сангийн яаманд саналаа өгсөн байна. Гэтэл Сангийн яамнаас орж ирсэн төсвөөр 5.2 тэрбум төгрөг буюу 5 тэрбум 249 сая 999 мянган төгрөг төсөвлөжээ. Өөрөөр хэлбэл өнгөрсөн оны төсвөөс 2 тэрбум 750 сая төгрөгөөр хасагдсан.

  • Анх 2017 онд хүүхэд хамгааллын чиглэлд 900 сая төгрөгийн төсөв баталсан. Харин 2021 болон 2022 онд тус бүр 8 тэрбум төгрөгийн төсөв баталж байсан.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа "Хүүхэд хамгааллын төсөв өмнөх жилүүдийг бодоход нэмэгдсэн ч хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээг бүрэн үзүүлэх боломжгүй хэвээр байна. Хүүхэд хамгааллын багц 2.7 тэрбумаар хасагдаж орж ирсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд рүү чиглэсэн төсөв мөн хасагдсан". 

Дөмөгхөн төсөвтэйгөөр хүүхэд хамгааллын чиглэлд ажил хийж эхэлж байсан боловч дахиад төсөв хасагдлаа. Үүний цаана өнчин хүүхдүүдийн асуудал орхигдож байна. "Өнөр бүл" төв төсөвгүй болж байна. Хүүхдүүд рүү чиглэсэн төрийн бус байгууллагуудын асуудал дахиад гээгдэх нөхцөл үүсэж байгаа юм. Энэ бүхэн урсгал зардлаар шийдвэрлэгдэх зүйл биш. Төр 0-18 насны хүүхдүүдэд үзүүлэх үйлчилгээгээ танаж байна. Монголын төр хүүхдүүдээсээ төсвөө харамлаж, аюулгүй амьдрах боломжийг нь хааж, таналт хийж болохгүй гэсэн юм.

Монгол Улсад 11 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна.

Эдгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээс 70% нь л тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгт хамрагдаж буй. Үүнээс 30% нь хамрагдаж чадахгүй байгаа. 2022 онд нийт 106 хүүхдийг тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгт хамруулсан байна. Гэтэл 2023 оны төсвөөр 70 хүүхдийг л сургууль, цэцэрлэгт хамруулж чадах нь гэдгийг түүний хувьд хэлсэн.

Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурч боловсрох, эрүүл мэнд,  нийгмийн асуудалд гурван яам хамтарч ажиллах шаардлагатай байна гэж илэрхийлээд байна.

ШИНЭ МЭДЭЭ