НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Польшийн Ерөнхийлөгч монгол иргэдийг шагналаа
2023.05.01
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Польшийн Ерөнхийлөгч монгол иргэдийг шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт Монгол Улсад хийж байгаа төрийн айлчлал үргэлжилж байна.

БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа монгол иргэдэд төрийн одон гардуулав.

Гавьяаны загалмайн алтан одонгоор:

  1. Зэвсэгт хүчний Жанжин штабын мэргэжилтэн, хошууч Ганболдын Аззаяа,

Гавьяаны загалмайн мөнгөн одонгоор:

  1. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цахим хөгжил, хууль эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч дарга Рэнцэндагвын Дагва,

Гавьяаны загалмайн хүрэл одонгоор:

  1. Монголын Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт зураач Олонбаярын Эрдэнэцогт нарыг шагналаа.

Хошууч Г.Аззаяа Иракийн Аль-Хилла дахь Чарли баазад 2004 оны 02 дугаар сарын 18-ны өдөр харуулын цэгт үүрэг гүйцэтгэж байхдаа Олон үндэстний дивизийн Төв-Өмнөд командлалын байр руу довтлохыг завдсан алан хядагчдын үйлдлийг таслан зогсоосон. Ингэснээр эвслийн цэргүүд, тэр дундаа  Польшийн II ээлжийн олон алба хаагчийн амийг аварсан.

Рэнцэндагвын Дагва Улаанбаатар, Варшав хотын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, бэхжүүлэх чиглэлээр идэвхтэй ажилладаг. 2018 онд Варшав хотын Тээврийн газар болон Харилцаа холбооны газрын төлөөлөгчдийн Улаанбаатарт хийсэн айлчлалыг зохион байгуулсан. Нийтийн тээвэр, хотын дэд бүтэц, орон нутгийн засаг захиргааны эрх зүйн зохицуулалтын чиглэлээр польшийн талтай хамтран ажиллаж байна. Улаанбаатар хотноо Польшийн алдарт төгөлдөр хуурч Ф.Шопены нэрэмжит гудамж бий болгох санаачилга дэвшүүлж ажил хэрэг болгосон.

Олонбаярын Эрдэнэцогт БНПУ-ын Краков хотын Дүрслэх урлагийн академи төгссөн. Польшийн ардчилсан өөрчлөлтөөс санаа авсан бүтээлдээ хүн төрөлхтний эрх чөлөөг эрэлхийлэх сэдвийг тусгадаг. 1996 онд “Тэмүүлэл ба саад” бүтээл, 2006 онд бие даасан үзэсгэлэнгээ БНПУ-ын Элчин сайдын яамнаа толилуулж, Польшийн урлагийг  сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулсан.

Польшийн Ерөнхийлөгч монгол иргэдийг шагналааМөн БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дудад Монгол Улсын их сургууль “Хүндэт доктор” цол олголоо. Эрхэм зочин мөн өдөр гэргийн хамт “Чингис хаан” музейг үзэж сонирхлоо.

ШИНЭ МЭДЭЭ