УИХ-ын /2023,05,05/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:
Зөвлөлдөх санал асуулгын зарчмаар Зөвлөлдөх санал асуулгад оролцсон иргэддээ талархаж байгаагаа илэрхийлье. Одоо гишүүд тойргоороо явж иргэдийнхээ саналыг сонсоно, иргэд маань идэвхтэй оролцоорой. Миний хувьд гишүүнээр сонгогдоод 2021 оны төсөв батлагдахад зөвхөн тойрго ярих биш улс орныхоо хөгжлийг томоор харах санал хэлж байсан. ҮХӨ орсноор улсын хөгжлөө томоор харах боломж нээгдэж байна.
ҮХӨ-өөр зөв нийгмийг бүтээх, хүчтэй сөрөг хүчинтэй байх гээд олон давуу талууд гарах байх гэсэн итгэлтэй байна. 1992 онд парламентын засаглалаа тогтоож, найман удаагийн бүрэн эрхийн хугацаандаа 76 гишүүнтэй үйл ажиллагаа явуулж, өнөөдрийг хүрлээ. Өнөөдөр бид 76 байх уу, 152 байх уу, яаж сонгогч түмнийхээ саналыг гээхгүй байх уу. Ард түмний төлөөлөл хэрхэн хүчирхэг байх уу, иргэн, сонгогчдоо ойртсон үйл ажиллагааг хэрхэн яаж, явуулах вэ, сонгогч иргэдийнхээ эрхийг хэрхэн, яаж хамгаалах өөрчлөлтийг хийхээр санал, хураалт явагдаж байна. Хүчтэй сөрөг хүчинтэй болох, холимог тогтолцоонд шилжих,жендерийн тэгш байдлыг хангах, нийгмийн бүхийл давхаргын төлөөлтэй байх бүрэн боломж нээгдэж байна.
Өөрөөр хэлбэл хүчтэй сөрөг хүчин дутагдсанаар бид үйл ажиллагаагаа эрчимжүүлэх хүч дутагдаж байна гэж харж байгаа. Энэ боломжийг бий болгох хүчтэй, зөв нийгмийн төлөө эрчтэй ажиллах боломж нээгдэнэ гэж харж байна. 1992 онд батлагдсан парламент маш энгийн ард түмний төлөөллийбүрдүүлж чадсан байдаг. Чимэд гуай, Намхайнямбуу малчин, Б.Лхагвасүрэн, Жанцанноров, Ганди сэтгүүлч гээд. Зорилтот бүлгийн болон ХБИ-ийн төлөөлөл орж ирэх боломж нээгдэнэ гэж харж байна.