2023.05.18

С.Одонтуяа: Ард иргэдийн нуруун дээр буй татварыг багасгах хэрэгтэй

УИХ-ын чуулганы /2023,05,18/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

Манай гишүүд ард түмэнтэйгээ уулзаад, нэлээн загинуулаад асуудлуудаа ойлгож ирсэн байна. Ер нь бид нар парламентаа чадавхжуулъя, дотроо ярьдаг байя, ард иргэдээ гудамжинд жагсааж, уур хилэнг нь хүргэж юмаа өөрчилдөг биш дотроо сөрөг хүчнийхээ үгийн сонсдог байя. Алдаа дутагдлаа засдаг байя гэж олон жил ярьж ирсэн. Төсвийн хүрээний мэдэгдэлтэй нэлээн нарийн танилцлаа. Хэд хэдэн асуух асуулт байна.

Орлого дээр 2017 оныхоос огцом 3 дахин их өссөн үзүүлэлт гарсан харагдаж байна. Миний нэг санаа зовоод байгаа зүйл нь бид орлогодоо хуримтлал хийе гэж ярьдаг шүү дээ. Хуримтлал хийнэ гээд хуульчилсан боловч өнөөдөр энэ сангууд чинь төсвийн алдагдлыг нөхөгч болоод хувирчихсан. Эдгээрийг орлого дээрээ тусгаагүй харагдаад байна. Харин төсвийн зарлага дээр 2023 оны зарлага анх удаа 20 их наядын босго давжээ. Энэ чинь 2017 оны зарлагыг 3 дахин үржүүлчихсэн шахуу байна. Түрүүн Д.Тогтохсүрэн дарга асууж байна шүү дээ. Цалин, тэтгэвэр тэтгэмжээ нэмэхгүй юм уу гэж. Тэтгэвэр тэтгэмж нэмснээрээ зарлага нэмэгдээд байна гэж ойлгож болохгүй.

Харин үр ашиггүй зардлуудаа багасгах ёстой. Жишээлбэл ордонд өдөр болгон нэг том чуулган ямар их өртгөөр болдог гэж бодож байна. Ийм хэрэггүй зарлагаа хасах ёстой болохоос иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхгүй бол цаашаа явахгүй нь ээ. Манай улс гайгүй орлого олоод ирэхээрээ бүгдийг нь хуу зарах юм. Уул уурхайгаас хамааралтай орнууд ингэж хамаагүй зарлага гаргаж болохгүй шүү дээ. Биржийн асуудал эхний хэдэн сар шигээ үргэлж сайхан байх уу. Миний бие сүүлийн үед нэлээн асуудал гараад байна уу гэж харсан. Тэгэхээр асуудлууд гарвал эрсдэлээ тооцсон уу?

Өр зээлийн тухайд Хятадын зээл, Засгийн газрын өр ДНБ-ийн 92% хүрэхээр байна гээд олон улсын байгууллагаас хэлээд буй. Энэ бол 2021 оны тоо л доо. Гэхдээ өрийн хавхнаасаа хэзээ бүрэн мултрах вэ? Боломж нь ямар байгаа вэ. Орлого сайжраад ирэхээр татвар дахин өсчихсөн байгаа. Ард иргэдийн нуруун дээр татварыг багасгах юм уу ер нь. Аж ахуй нэгж, НӨАТ дээр байна. Бусад татварууд багасах уу?

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ