2023.06.08

С.Ганбаатар: Зээлийг дарга нарын хүрээнд дээгүүрээ идчихгүй гэсэн баталгаа бий юу

Монгол Улсын Их хурлын 2023,06,08/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

Ардын хувьсгал анх өрийн дансны бичгийг шатаах гэдэг ганц үгээр гарсан юм шүү дээ. Монгол орон мөнгө хүүлэлтийн аймшигтай дөнгөнд орсноо мэдээд л. Тэр үед шатаачихдаг байж. Одоо бол боомилуулна даа. 34 тэрбум долларын өртэй байна гэдэг том өр. Тэгэхээр бэлгийн морины шүд гэж яриад байгаа зээлийг сайн хянах ёстой. Ямар ч хяналтгүй, засаг захиргаагүй явж ирсэн. Би өнөөдрийн нөхцлийг яриагүй. Үүн дээр эргэж харах ёстой.

Зээл бол хэдэн дарга, сайд нарт зориулсан зээл биш ээ. Ард түмэн, бизнес эрхлэгч нарт тодорхой олон асуудлыг шийдэх ёстой зээл. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны олон бичиг баримтад бидний зээлийг тухайн орны ард иргэд, ТББ болон мэргэжлийн холбоод нь хяналт тавих ёстой шүү гэж байнга тусдаг. Энэ ямар шатандаа явж байгаа вэ? Дарга нарын хүрээнд дээгүүрээ идчихдэг гэнэ лээ гэдэг шиг алга болчихгүй байх баталгаа нь хэр байгаа вэ?

Ерөнхий л юм байна. Хугацаа, хэрэгжих газар, төслийн өртөг ингээд л болоо. Хүрэх үр дүн гэж заримд нь байна, заримд нь алга. Нарийвчилсан зүйлийг ямар шугамаар яаж ярих вэ?  Бизнес эрхлэгч болон ард иргэдэд ялангуяа Орхон аймгийн бизнес эрхлэгчдэдээ энэ төслийг яаж дэлгэрэнгүй танилцуулж, яаж оролцох, хамрагдах вэ гэдгийг өөрийнхөө пэйжээр дамжуулах хэрэгтэй байна. Би хаанаас яаж дэлгэрэнгүй мэдээлэл авах вэ?

Энэ асуудал Аюулгүй байдлын байнгын хороогоор орох нь зөв. Ер нь улс орныг эзэлье гэвэл цэрэг, танк оруулахаа больчихсон шүү дээ. Зээл өгөөд л унагадаг болчихсон цаг үед Аюулгүй байдлын байнгын хороогоор орох нь зөв. Гэхдээ мэргэжлийн Төсвийн байнгын хороо үүн дээр хаана явна вэ? Төсвийн байнгын хорооны байр суурь, төслийн үр дүн хаана байна вэ?

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ