УИХ-ын гишүүдэд хотынхон "МУУ", хөдөөгийнхөн "САЙН" дүн тавилаа
Судалгааны дүнгээр эхний 20-д эрэмбэлэгдсэн гишүүд
2023.06.14
Улстөр

УИХ-ын гишүүдэд хотынхон "МУУ", хөдөөгийнхөн "САЙН" дүн тавилаа

Таны сонгосон УИХ-ын гишүүн ажлаа хэр хийсэн гэж та дүгнэх вэ? Энэ асуултад сонгогч бүр өөр хариулт хэлнэ. Тухайн хариулт тань дараагийн төрийн түшээгээ сонгоход хамгийн их нөлөө үзүүлдэг.

2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар сонгогдсон өнөөгийн гишүүдийг тойргийн сонгогчид нь хэрхэн дүгнэж, хийсэн ажил нь иргэдэд хүрсэн эсэхийг тодорхойлох зорилгоор Vip76 байгууллагаас 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 05 дугаар сарын 28-ны өдрийн хооронд судалгаа хийжээ.

Энэхүү судалгааг УИХ-ын сонгуулийн бүх тойрогт телемаркетингийн аргаар явуулсан бөгөөд сонгуулийн насны нийт 13511 иргэн оролцсон байна.

Судалгаанд оролцогчдын насны ангилал


Судалгааг сонгуулийн тойрог буюу 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн иргэдээс түүврийн аргаар оролцогсодоо сонгосон бөгөөд аймгуудын хувьд бүх сумдаас, дүүргүүдийн хувьд хороо тус бүрээс сонгожээ. Тухайлбал Баян-Өлгий аймаг 13 сумтай. Нийт 69772 сонгогчтой, уг судалгаанд сум тус бүрээс түүвэрлэн 546 сонгогчийг хамруулсан бол Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн хувьд 26 хороотой, нийт 122681 сонгогчдоос хороо тус бүрээс түүвэрлэн 862 сонгогчийг хамруулсан байна.

Танай тойргоос УИХ-д сонгогдон ажиллаж байгаа гишүүдийн хийж, хэрэгжүүлж байгаа ажилд та хэр сэтгэл хангалуун байна вэ?

Энэхүү асуултад хөдөө, орон нутагт амьдарч байгаа судалгаанд оролцсон иргэдийн 45% нь "Сайн" гэж хариулсан байна. Гэтэл нийслэл хотод амьдарч байгаа судалгаанд оролцогчдын 54% нь "Муу" гэж үнэлжээ.

Түүнчлэн орон нутгийн сонгогчид УИХ-ын гишүүдийн тухайн амьдарч буй суманд ямар бүтээн байгуулалт хийснээр нь үнэлж байсан бол нийслэлийн иргэд зөвхөн өөрийн амьдарч буй хороо бус дүүрэг, хотын хөгжил, дэд бүтэц, хууль тогтоох үйл ажиллагаанд хэр идэвхтэй оролцож байгаа зэргээр өргөн хүрээнд үнэлэн хардаг байна.

Танай сум, хороонд тулгамдаж буй ямар асуудал байна вэ?

Энэхүү асуултанд орон нутгийн иргэд ажлын байр хомс, бэлчээр, цаг уурын өөрчлөлт, байгалийн давагдашгүй аюул, боловсролын хүртээмж, малчдын амьжиргаа, малын гаралтай бүтээгдэхүүний зах зээлтэй холбоотой асуудлуудыг хэлж байсан бол нийслэлийн иргэд дэд бүтэц, нийтийн тээвэр, түгжрэл, агаарын бохирдол, шударга ёс, иргэдийн амьжиргаа, үнийн хөөрөгдөл зэргийг тулгамдаж буй асуудал хэмээн онцоллоо.

Энэхүү судалгаагаар одоогийн УИХ-ын 76 гишүүнээс дараах гишүүд сонгогдсон тойрогтоо сайн ажиллаж, иргэдээс үнэлгээ авч хамгийн өндөр рейтингтэй эхний 20-д эрэмбэлэгдэжээ.

УИХ-ын гишүүдэд тойргийн иргэдийн өгсөн үнэлгээг харьцуулан хамгийн өндөр рейтингтэй байгаа буюу тойрогтоо хамгийн сайн ажилласан эхний хорин УИХ-ын гишүүдийг графикаар харуулав. Үүнээс орон нутгаас сонгогдсон гишүүд дийлэнх буюу 90% -ийг эзэлж байна.


Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хуулийг ойрын өдрүүдэд УИХ-аар хэлэлцэж байна. Дараагийн сонгуулиар Монгол Улсын Их Хурал ямар бүтэц, хэдэн гишүүнтэй ажиллах, тэднийг сонгуулийн ямар тогтолцоогоор сонгох, Улс төрийн намуудын оролцоо, хөгжлийн талаар дээрх хуулиудаар баталгаажуулж өгөх юм.

Ингэснээр судалгаанд оролцогчид төдийгүй Монгол Улсын иргэн бүрийн хүсдэг тэр хөгжлийг бий болгох бодлого, хууль, журам батлах, иргэдийнхээ итгэл, талархалыг хүлээж чадах төрийн түшээд сонгогдох бизээ.

ШИНЭ МЭДЭЭ