2023.06.23

С.Ганбаатар: Хөдөлмөрийн чадвар алдсан хүний тэтгэврийг ажил олгогч төлнө гэсний шалтгааныг хэлнэ үү

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.23/ хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

Нийгмийн даатгалын хууль хамгийн том гол хоёр хуулийн нэг. Ажлын байр, тэтгэвэр хоёр хүний амьдралд чухал. Надад хариу ирээгүй учраас ажлын хэсэгт тавьж байсан саналаа тодруулаад асууя.

5.1-д даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааны ажлын эхний таван өдрийн хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжийг ажил олгогчоос, 6 дахь өдрөөс эхлээд хөдөлмөрийн чадвар сэргээгдэх эсвэл хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авах эрх үүсэх хугацааны тэтгэмжийг сангаас өгнө гэжээ.

Энэ санд ажил олгогч, ажилтан хоёрын адилхан хариуцлагаа үүрээд өгч буй. Яагаад эхний 5 өдөр ажил олгогчийг торгож байгаа вэ? Үүнийг Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга байсан Лхагважав их ярьдаг. Ажил олгогч нар даатгуулагчийн 5 өдрийн тэтгэврийг төлөх ёстой гэсний шалтгааныг хэлж өгнө үү?

8.2, 8.3 дээр нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан тэтгэвэр авч байсан иргэн нас барсан бол түүний гэр бүлийн гишүүнд тэтгэмж олгоно. 8.3-т журмыг нийгмийн даатгалын үндэсний зөвлөл батална гэжээ. Үүнийг ажлын хэсэг дээр бүгд дэмжээд гаргаад ирсэн. Яг хэзээнээс гэдгийг ард иргэдэд тодруулж өгнө үү?

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ