МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Отрын бүс нутгийг чөлөөлж, нөхөн сэргээх ажил хийх хэрэгтэй
2023.06.26
Орон нутгийн хөгжил

Отрын бүс нутгийг чөлөөлж, нөхөн сэргээх ажил хийх хэрэгтэй

Отрын бүс нутгийн нөхцөл байдлыг судлах зорилго бүхий ажлын хэсэг УИХ-ын БОХХААБХ-ны дэргэд байгуулагдсан.

Энэ хүрээнд УИХ-ын гишүүн, БОХХААБХ-ны дарга Г.Мөнхцэцэг ажлын хэсгийн гишүүн Ц.Идэрбатын хамт өнгөрсөн амралтын өдрүүдэд Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Дэлгэрхаан, Хэрлэнбаян-Улаан, Говьсүмбэр Сүмбэр сумын Малахын талын отрын бүс нутагт ажиллаж, иргэд малчидтай уулзан, санал хүсэлтийг нь сонслоо.

Улсын хэмжээнд 780 мянган га газрыг хамардаг 9 отрын бүс нутаг байдаг. Үүнээс Хэрлэнбаян-Улааны отрын бүс нутаг 192.8 мянган га талбайтай хамгийн том бүс нутаг юм. Харин Говьсүмбэр аймгийн Малахын талд 72 мянган га бэлчээр нутаг хамрагддаг.

Малчдын зүгээс өвөл зуд болоход отрын бүс нутагтаа орж чаддаггүй, нутгийн малчид нутагтаа бэлчээргүй боллоо. Отрын бүс нутгийг цуцлах, хэсэгчлэн чөлөөлөх, сум дундын отрын бүс болгоход анхаарч өгнө үү гэсэн санал хэлсэн юм.

Мөн Хэнтий аймгийн отрын бүс нутагсарлаг, адууны нутаг болсон. Бэлчээрт орсон гаднын аймгийн малчид буцаад гарахгүй байгаа асуудлыг цэгцэлмээр байгааг шүүмжиллээ.

Отроор ирж суурьшсан малчид мод бургас, торлогуудыг тасдаж, сүйтгэж хашаа барьж байгаа асуудал ч байгаа аж. Иймд отрын бүс нутгийг чөлөөлж, эргээд нөхөн сэргээх ажил хийх хэрэгтэйг онцолж байна. Отрын бүсийг цуцлаад тодорхой, түүхийн дурсгалт газруудаа тусгай хамгаалалтад авах санал уламжиллаа.

ШИНЭ МЭДЭЭ