МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Цахим хөгжлийг дэмжих хуулиудад нийцүүлж салбарын 120 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна
2023.06.29
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Цахим хөгжлийг дэмжих хуулиудад нийцүүлж салбарын 120 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос Цахим хөгжлийг дэмжих хуулиудад нийцүүлж салбарын 120 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа.

Энэ нь төрийн болон хувийн хэвшлийн үзүүлж буй үйлчилгээ, өдөр тутмын үйл ажиллагаанд биечлэн болон цаасаар хийгддэг харилцааг тоон гарын үсэгт тулгуурлан цахимаар хийх боломжийг бүрдүүлэх зорилготой.

Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулан байгуулж, дэд ажлын хэсэгт төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод зэрэг 20 гаруй байгууллагын төлөөллийг оролцуулан салбар бүрийн саналыг тусгаж байна. Ажлын хэсгийн анхны хуралдааныг хийж, дэд ажлын хэсэгт тодорхой үүрэг, чиглэлийг өглөө.

Статистик мэдээлэл харахад зөвхөн Засгийн газрын хэрэг эрхлэх газар, 16 яам, 34 агентлагийн хэмжээнд:

  • 2020 онд бичиг хэргийн зардалд 25.3 тэрбум, шуудан холбоо, интернетийн төлбөрт 20.1 тэрбум төгрөг,
  • 2022 онд цаас болон шуудан хүргэлтийн зардалд 367.8 сая төгрөг зарцуулжээ.

Мөн нэг албан бичгийг шуудангаар илгээж, тухайн байгууллага нь хүлээн авахад дунджаар 1-7 өдөр шаардагдаж байна. Үүнийг бүх салбарт авч үзвэл өндөр тоо гарах нь тодорхой.

Цахим үндэстэн болох зорилтын хүрээнд “E-Mongolia” систем, төрийн цахим үйлчилгээний “ХурДан” цэгүүд зэрэг эрчимтэй хийгдэж байгаа олон ажил бий. Цахим шилжилтийг зөвхөн төр гэлтгүй бүх салбарт дараагийн түвшинд гаргахад дээрх 120 хуулийн нэмэлт, өөрчлөлт онцгой ач холбогдолтой билээ.

ШИНЭ МЭДЭЭ