МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

А вируст гепатит, пневмококк, хүний папиллома вирусний халдварын эсрэг вакциныг заавал хийх дархлаажуулалтад хамруулна
2023.06.29
Эрүүл мэнд

А вируст гепатит, пневмококк, хүний папиллома вирусний халдварын эсрэг вакциныг заавал хийх дархлаажуулалтад хамруулна

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өнөөдөр (2023.06.28) Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаар:

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 2.2-дахь заалтын 8-д “Товлолт дархлаажуулалтын хамралтыг нэмэгдүүлж, вируст гепатитын өвчлөл, сүрьеэгийн тохиолдлыг бууруулсан байна.” гэж, мөн заалтын 9-т “Сэргийлж болох эх, хүүхдийн эндэгдэлд нөлөөлөх хүчин зүйлийг багасгаж, эх нялхсын болон 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин буурсан байна” гэж, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.1.5.2-т “Монгол Улсын хэмжээнд мөрдөх заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн батлуулна” гэж тус тус заасан.

Дархлаажуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Заавал хийх дархлаажуулалтад сүрьеэ, халдварт саа (полиомиелит), В вируст гепатит, сахуу, хөхүүл ханиад, татран, улаанбурхан, В хэв шинжийн хемофилюс инфлюенза нянгийн халдвар, гахай хавдар, улаануудын эсрэг сэргийлэх тарилга орно” гэж заасан байна.

Монгол Улс 1923 оноос цагаан цэцэг, 1962 оноос полиомиелит, 1966 оноос сахуу, татран, хөхүүл ханиад, 1974 оноос улаанбурхан, 1987 оноос сүрьеэ, 1991 оноос В вируст гепатитын халдварын эсрэг вакциныг дархлаажуулалтад нэвтрүүлсний үр дүнд 1940 оноос цагаан цэцэг, 2000 оноос полиомиелит өвчнийг устгаж, дархлаажуулалт бүхий бусад халдварт өвчнийг хяналтад аваад байна.

Түүнчлэн манай улс 1987 оноос дархлаажуулалтын товлолыг бий болгож, 1991, 1993, 2006, 2009 онд шинэчлэн баталжээ. “Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2009 оны 185 дугаар тогтоолд заасанчлан заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу 10 халдварт өвчний эсрэг 6 төрлийн вакцинаар 0-15 насны хүүхдүүдийг дархлаажуулж, дархлаажуулалтын хамралт 95-аас дээш хувьтай болжээ.

Шинэ вакцины хөгжүүлэлт, хүн амын өвчлөлийн нөхцөл байдалтай уялдуулан дархлаажуулалтын товлолд шинэ вакцин нэвтрүүлэх практик шаардлага үүсэж байгаа аж. Тодруулбал, хүн амын өвчлөл, нас баралтын томоохон шалтгаан болсон А вируст гепатит, пневмококк, хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцин нэвтрүүлэх шаардлага үүссэн байна.

А вируст гепатит, пневмококк, хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцин нь заавал хийх дархлаажуулалтад хамрагдах сэргийлэх тарилгын нэр төрөлд оруулснаар уушгины хатгалгаа, умайн хүзүүний хорт хавдраас сэргийлж, халдварт өвчний, тохиолдол, нас баралтыг бууруулах эерэг үр дагавар бий болох юм

ШИНЭ МЭДЭЭ