2023.07.03
Эдийн засаг, Худалдаа

С.Ганбаатар: Татварын орлого өндөр гарсанд инфляцын нөлөө хэр зэрэг байна вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.07.03/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

УИХ-ын гишүүдийн нүд чих болсон аудит харин ч уншууртай, бодитой материалууд орж ирсэн. Аудитын газрын даргаас асуух асулут байна. Хязгаарлалттай дүгнэлт гэж амьдралдаа анх удаа л сонсож байна. Хязгаарлалттай санал дүгнэлт гэж зарим материалаа Сангийн яам, Эдийн засгийн яам, Засгийн газар гаргаж өгөөгүй хэмээн ойлгож болох уу. Яг юу юу гаргаж өгөөгүй болон яагаад хязгаарлалттай байгаа вэ? Үүний хажуугаар сайн юм байна. 15,4 ихнаяд төгрөгийг тайлан дундаа татварын орлогоор бүрдүүлсэн байна. Энэ бол урьд хожид байгаагүй том амжилт.

Үүн дээр нүүрс, зэс нөлөөлөлгүй яах вэ. Орлогын албан татвар 712 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Юмны үнэ хөөрөгдүүлчхээд тэрнийхээ дагуу баахан нэмж аваад баясаад байж болохгүй. Үүн дээр инфляцын нөлөө хэдэн хувьд нь байгаа вэ. Нэг ёсондоо, татварын орлого өндөр гарсанд инфляцын нөлөө хэр зэрэг байв?

ААОАТ 581 тэрбум төгрөгөөр, НӨАТ 449 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Үүн дээр ААОАТ нийтдээ 2,5 ихнаяд төгрөг, НӨАТ 3,9 ихнаяд төгрөг. Мөн нэмүү өртгийн албан татвар 1,4 ихнаяд төгрөгөөр илүү байна. Яг үүнийг татвар төлөгчөөр нь тайлбарлаж өгнө үү. Гадаад худалдааны тэнцэл гайхалтай байна. 3,2 тэрбум долларын ашигтай гарсан байна. Гадаад худалдаа эргэлт 32,1 хувиар өссөн ба 21,2 тэрбум ам.долларт хүрсэн нь гайхалтай амжилт. Экспорт 35,7 хувь өссөн ба 12,5 тэрбум ам,доллар. Нүүрсний экспорт 135,5 хувиар өссөн.

Манайх доллартой болчихлоо шүү дээ. Ямар гоё юм бэ. Эдийн засаг 4,8 хувиар өслөө. Баярлалаа та бүхэндээ. Харин инфляц 20 хувьд хүрчихлээ. Яагаад ард иргэдийн ингэж торгож байна вэ. Төгрөгийн худалдан авах чадвар 20 хувиар уначихлаа. Яагаад?

Эрэлт нийлүүлэлтийн хуулиар төгрөг чангарах ёстой. Түүнчлэн гадаад өр яагаад өсөв?

Түүний асуултад, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ