МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ОРОН НУТГИЙН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБА ХААГЧИД НЭМЭГДЭЛ АВНА
2023.07.24
Улстөр

ОРОН НУТГИЙН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБА ХААГЧИД НЭМЭГДЭЛ АВНА

Хөдөө орон нутагт цалин хөлс бага, нийгмийн баталгаа муу зэргээс шалтгаалан төрийн захиргааны байгууллагад ажиллах хүн ховордож, хүний нөөцийн хомсдолд орох асуудал тулгараад буй. Тиймээс УИХ-ын гишүүн С.Чинзориг, Ц.Идэрбат, Ж.Батжаргал нарын гишүүд “Төрийн албаны тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан, намрын чуулганаар батлууллаа.

Тус хуулийн 51.3-д “Аймгийн төвөөс бусад сумын Засаг даргын тамгын газарт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална” хэмээсэн.

Ингэснээр сум, тосгон, багт ажиллаж нийгмийн суурь үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа багш, эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтан болон төрийн тусгай албаны цагдаа, онцгой байдлын байгууллагын алба хаагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч, цэргийн офицер, ахлагчид 5 жил тутам (тасралтгүй ажилласан)-д нэг удаа мөнгөн урамшуулал авахаар болсон юм. Хууль 2023 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.

Аймгийн төвөөс бусад 309 сумын Засаг даргын тамгын газарт нийт 2487 орчим төрийн захиргааны албан хаагчид ажиллаж байна. Үүнээс
тасралтгүй

  • 1 жил ажиллаж байгаа 297,
  • 2 жил ажиллаж буй 206,
  • 3 жил ажиллаж буй 232,
  • 4 жил ажиллаж байгаа 218,
  • 5 ба түүнээс дээш жил ажиллаж байгаа 1534 албан хаагч бий гэсэн статистик тоо гарсан.

Ё.Баатарбилэг УИХ-ын гишүүн

“Сумын Засаг даргын тамгын газрын албан хаагчид бүх ажлын түрүүнд л явдаг. Ган, зуд, гал түймэр гарахад явна. Өвчин гарсан ч, нохой устгал, хог цэвэрлэгээнд явж л байдаг. Гэхдээ нэмэгдэл хөлс байхгүй. Эдгээр албан хаагчдын цалин хөлс, урамшууллын асуудлыг өнгөрсөн хугацаанд орхигдуулж ирсэн нь үнэн. Төрийн үйлчилгээний албан хаагчдын асуудлыг улсын хэмжээнд системээр нь шийдээд явж байгаа. Тиймээс энэ хуулийн төслийг дэмжих нь зүйтэй”.

"Цалин бага, нийгмийн баталгаа хангагдаагүй, байр орон сууцгүйн улмаас ажил хийх залуус олдохгүй, залуус төв суурин газрыг зорих нь нэмэгдэж байна. Тухайлбал Өвөрхангай аймагт сумдын төрийн албанд ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарладаг ч ажиллах хүн олдохгүй. Нэг албан хаагч хоёроос гурван хүний ажлыг давхар хийж байгаа нь бодит үнэн юм. Тиймээс Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг боловсруулсан."

С.Чинзориг УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд

ШИНЭ МЭДЭЭ