Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонслоо
2023.10.03
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонслоо

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр (2023.10.03) хуралдаж, Байнгын хорооны 10 дугаар сард хэлэлцэх асуудлын цаглаврыг баталж, өвөлжилтийн бэлтгэл ажил болон ургац хураалтын явц, байдлын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсож асуулт асууж, санал бодлоо хэллээ.

Улсын хэмжээнд 2023 онд 18.1 сая толгой төл хүлээн авч, 5.1 сая толгой малыг дотоодын хэрэгцээнд, 12.1 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулан 62.8 сая толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан дүн мэдээтэй байна. 2023 онд улсын хэмжээгээр 369.3 мянган га-д үр тариа, үүнээс 345.4 мянган га-д улаанбуудай, 18.4 мянган га-д төмс, 13.9 мянган га-д хүнсний ногоо, 89.3 мянган га-д малын тэжээл, 131.7 мянган га-д тосны ургамал, 7.0 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 629.6 мянган га-д тариалалт хийгдсэн бөгөөд ургацын урьдчилсан балансаар нийтдээ 510.0 мянган тонн үр тариа, үүнээс 480.0 мянган тонн улаанбуудай, 165.0 мянган тонн төмс, 165.0 мянган тонн хүнсний ногоо, 65.0 мянган тонн тосны ургамал, 225.0 мянган тонн малын тэжээлийн ургамал, 5.0 мянган тонн жимс жимсгэнэ тус тус хураан авах төлөвтэй байна.

Энэ жил, төмс, хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээнийхээ 82,5 хувийг хангах боломжтой байгаа бөгөөд харин хур бороо ихтэй байгаагаас ургац хураалтын ажил технологийн хугацаанаас даруй 10-15 хоногоор хойшилсон дүн мэдээтэй байгаа учир ургац хураалтад анхаарах шаардлагатай байна. Байнгын хорооны хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажил болон намрын ургац хураалтын явцын талаар мэдээлэл сонсож байгаа нь уг ажлыг эрчимжүүлэх, үр дүнд ахиц гаргахтай холбоотой бөгөөд Байнгын хорооны гишүүдээс мэдээлэлтэй холбогдуулан гаргасан санал, үүрэг чиглэлийн мөрөөр тодорхой арга хэмжээ авч, энэ талаар тус Байнгын хороонд мэдээлэхийг холбогдох яам, газарт даалгалаа.

ШИНЭ МЭДЭЭ